UBLife Logo
-

Б.Батжаргал : С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон

Б.Батжаргал : С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа хэзээ дуусах вэ. Ямар шатандаа явж байгаа вэ?-Хэргийн холбогдогч нарыг илрүүлж, мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байна. Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалт дуусаагүй байгаа.

-Яагаад нууцлалд хамаарагдсан юм бэ. Э.Бат-Үүл..."Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан"... талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьсан.-Эрүүгийн хэргийг нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарагдсан эсэх талаар шинжээч томилж, дүгнэлт гарсны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг. Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байна.-Саяхан Тагнуулын Ерөнхий газраас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Хуульд нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тооцох заалт бий юү?-Хуульд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-нд сэжигтэнээр, 2000 оны наймдугаар сарын 29-нд тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-нд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулж байна.Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авсан юм уу?-Хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийсэн.-Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн зорилго агуулсан гадны нөлөөлөл бий юү?-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг хорьж шалгана гэсэн мэдээлэл цацагдах боллоо.-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл бий болбол мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж, прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг. Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.-Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг сулласан нь хэрэгт холбогдолгүй гэж үзсэнийх үү?-Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба есдүгээр сарын 09-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.

Эх сурвалж: www.prokuror.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
25
20
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.