UBLife Logo
-

Монголд тэмдэглэсэн Талархлын баяр

Монголд тэмдэглэсэн Талархлын баяр

Хүүхэд байхдаа би “Мумми, судлаач хоёр” гэх тоглоомд тун дуртай байлаа. Аав бид хоёр  ээлжлэн мумми судлаачийн дүрд орж тоглох бөгөөд нэг нь нүдээ аньж, гараа цээжиндээ зөрүүлнэ, нөгөө нь “Би эдгээр пирамидуудыг олон  жил судаллаа. Тутанхамоны булшийг хэзээ нэг  олдог юм бол доо” гэх зэргээр үглэнэ. Тутанхамоны мумми 1970-аад онд Нью-Йорк хотын  урлагийн музейд байрлаж байсан тул бид үе үе  түүнийг үзэхээр музейд очдог байв. Тоглоомын  өрнөл хэсэгт судлаач санаандгүй байдлаар занданшуулсан фараоныг олоход мумми нүдээ  нээж, амь орно. Баярлах, гайхах зэрэгцсэн  судлаач “Юу сонин байна?” гэхэд мумми “Чи” гэж  хариулдаг.

Би хөзөр тоглохдоо тийм ч дуртай байгаагүй. Айлын ганц хүүхэд байсан би бусад хүүхдүүдтэй ойлголцдоггүйгээс гадна тийм ч нэр хүндтэй охин байсангүй. Аав, ээж минь арын талбайдаа барьж өгсөн жижиг цайзад би Робинзон Крузо болж тоглодог байлаа.

Хорвоог танин мэдэх хүсэлд автсан хүүхэд насанд минь эцэг эх маань “Моби Дик”, “Хоббит” зэрэг ном уншиж өгдөг байв. Би ч аль эрт зохиолч болохоор шийдсэн. Хүссэн бүхнээ хийдэг эрх чөлөөтэй эмэгтэй болох хүсэлд минь зохиолчийн мэргэжил яг тохирно гэж боддог байсан юм. Би бүр гуравдугаар ангид байхаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Харин одоо бол өөрийн ганцаардал шаналлыг хөнгөлөхийн тулд ямар ч орчинд байсан, үзэг цаас нийлүүлж, төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээдэг болсон.  

Би сүүлийн 20 жилд аль болох их аялахыг хичээж ирсэн. Нэг ч таних хүнгүй, басхүү байгаа бүхэн нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлэхүйц нутагт очиж, дараа нь тэр газрын талаар бичих шиг тааламжтай зүйл надад үгүй. Аялал эхлэхийн өмнө би айдаст автдаг. Газрын зураг хэрэглэхгүйгээс гадна англи хэл мэдэхгүй хүмүүстэй харилцаж ойлголцоно, бас аяллын утга учир болсон нийтлэлээ бичихэд туслах хүмүүсийг олж уулзах тул энэ удаагийнх өөр байна гэж өөртөө хэллээ.

Эмч хөл хүнд надад жирэмсний гурав дахь шат хүртэл онгоцоор нисэхэд зүгээр гэдгийг хэлэв. Ингээд би Талархлын баярын өмнөхөн Монголыг зорилоо.

Миний суусан онгоц Монголд буухад өглөө болж байсан хэдий ч утаа униар тогтсон саарал орчин угтан авлаа. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн, бас хамгийн ихээр бохирдсон нийслэлийн нэг. Хотын төв орох замд цасанд хучигдсан талбай, гэр гэртэй монгол үндэсний сууц, Зөвлөлтийн үеийн барилга, сүлжилдсэн цахилгаан, утасны шугам, суварга хэлбэрийн оройтой буддын сүм харагдана. Гудамжин дахь хүмүүс нь хурдан, эв хавгүй алхацгаах бөгөөд хүйтнээс сэргийлж, олон давхар хувцас өмссөн байлаа.

Уул уурхайн салбараар дамжин орж ирсэн асар их мөнгөний дараагаар Монголд тохиож буй өөрчлөлт шинэчлэлтийн талаар нийтлэл бичих нь миний зорилго байсан юм. Нүүрс, алт, зэсийн баяжмалын арвин нөөцтэй Монголын баялаг сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгджээ. Гэвч нийт хүн амынх нь гуравны нэг өдий хүртэл нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалж, мал маллаж, гэрт нүүрс, эсвэл хог түлж амьдарч байна. Уул уурхайн салбарт нь огцом өсөлт бий болох хүртэл хамгийн ихээр танигдсан Монголын экспортын бүтээгдэхүүн нь ноолуур байсан аж. Теннисигээс Улаанбаатарт ирж, 12 дахь жилдээ амьдарч буй, зөвлөхийн ажил хийдэг Жексон Кокс сарлагийн мах, ямааны ноолуурт суурилсан эдийн засгийн талаар ярьж буйг минь надад сануулав.

Улаанбаатарт очсон эхний үдшийг би Кокстой хамт өнгөрүүлэв. Тэр намайг авахуулахаар автомашинаа жолоочийн хамт илгээсэн байлаа.

Хүйтэн тэнгэрийг аварга загасны соёо адил зүсч харагдах “Блю скай” зочид буудалд надтай уулзсан Барууны хүн бүр хувьдаа автомашин, жолоочтой байлаа. Явсаар гэрт нь ирэхэд Кокс Нью-Жерсигээс ирсэн хуульч найзын хамтаар Бьонсегийн дуу сонсонгоо дарс шимэн суух аж. Түүний гэр цэвэрхэн, орчин үеийн хэв маягтай ч энгийн гэмээр тохижуулсан байв. Ер нь Улаанбаатар дахь гаднын иргэд мөнгөө үрснээс хадгалах нь хялбар байдаг бололтой. Бид франц ресторанд орж, үхрийн махтай хоол захиалав. Хятад, Оросын дунд, далайгаас алс хол орших Монголд оруулж ирсэн далайн гаралтай хоол хүнсний амт чанар тааруухан байдаг аж. Хоолны дараа тэд намайг бүх хүн дотор нь тамхи татахыг эс тооцвол Брүүклинд ч байж болохоор “100 рer сent” нэртэй ижил хүйстнүүдийн бааранд аваачив.  Тамхи татан суух гей монголчуудтай хамт нэг өрөөнд байх нь таатай байсан ч бие эвгүйрхсэн тул би эрт явахаар болов.

Маргааш өглөө нь сэрэхэд миний гэдэс үе үе хатгуулж байлаа. Олон хүн хүүхэд маань удахгүй хөдөлж эхэлнэ гэж хэлж байсан тул тэр л байх гэж бодов. Гэр лүүгээ ярьж, гомдол тоочтол нөхөр маань Барууны эмнэлэгт үзүүл гэлээ. Өвчин нэмэгдвэл утасдъя гэж бодоод үзүүлдэг эмчийнх нь утсыг авахаар Кокс руу и-мэйл бичээд ярилцлага авахаар гарлаа. Миний уулзах хүмүүсийн жагсаалтад Байгаль орчны сайд, уул уурхайн компанийн ерөнхийлөгчөөс гадна нүүдэлчдийн ундаалдаг усны голдрилыг өөрчилсөн уул уурхайн компанийнхан руу буудаж, ардын баатраар тодроод байсан малчин, байгаль хамгаалагч Цэцэгээ овогтой Мөнхбаяр нар багтаж байлаа. Орчуулагчаар хөлсөлсөн, бас хэдэн өдрийн дараа бид “Land Rover” автомашин хөлөглөж, уурхайчид болон нүүдлийн малчидтай уулзахаар хүйтний эрч часхийсэн говийг зорих байсан Ёндонгийн Бадарч хэмээх ёжтой, бас ухаалаг эртэй хамт Мөнхбаяртай зочид буудлын нэг давхарт уулзав. Жийнсэн өмд, ноосон цамц өмссөн Бадралын хажууд үндэсний дээл, оройдоо жижиг төмөр шонхор шигтгэсэн үстэй малгай өмссөн Мөнхбаярыг харахад Чингис хаантай латте ууж буй мэт мэдрэмж төрнө. 

Ярилцлагын дунд хэсэгт Бадрал ярихаа больж, над руу ширтэв. Тэр миний зовиурыг анзаарсан бололтой, хөл хүнд эхнэр нь бас ийм байдалтай байгаа талаар ярьж, энэ тухайгаа Мөнхбаярт ч тайлбарлав. Нар салхинд улайж хүрэнтсэн арьстай нүүдэлчин эрийн хамрын самсаа, нүд, чих гээд нүүрний хэсэг бүр нь даарахаас урьтаж, мөлчийсөн мэт харагдана. Мөнхбаяр ийм нөхцөлд алс хол ирдэг их зоригтой байна гэж намайг магтахад үл ялиг  ч гэсэн өөрөөрөө бахархмаар санагдсан ч удалгүй санаа зовж эхлэв.

Тэр үдэш нутаг нэгтнүүдтэйгээ хамт оройн хоол идэхээр төлөвлөсөн байснаа цуцлах дөхсөн ч юм идэх ёстой гэдгээ ойлгов. Тэд миний буусан зочид буудлын япон ресторанд орохыг санал болгосон байлаа. Талархлын баярыг гэр бүлийн хамт өнгөрүүлэхээр маргааш нь Америк явах байсан Кокс бизнес ангиллаар нисч буйдаа гэмшсэн бололтой харагдав. Харин би тухгүй нисч ирсэн талаараа дахин дахин бодож, ангиллаа ахиулсан нь дээр гэж хэлэв. Найз нь Коксыг гүнж шиг л эрхэлж гэж шоолсон ч миний инээд хүрсэнгүй. Миний дотор эвгүй байсан тул захиалсан хоол ирэхээс өмнө тэднийг орхив.

Би өрөөндөө сандруухан орж ирээд өмдөө тайлж, угаалгын өрөөний шалан дээр суув. Гэвч өвдөлт тэсэхийн аргагүй байсан тул өвдгөөрөө тулж, мөрөө шаланд наасан байдалтай гэдсээрээ хүйтэн плита шүргэв. Би дотроосоо аймшигтай хөдөлгөөн мэдэрч, өвчнөөс болоод нэг хэсэгтээ ухаан балартав. Дараа нь шалан дээр надтай хамт өөр нэг хүн хэвтэж, гар хөлөө хөдөлгөж байгааг харав. Хүүхэд маань амьд байлаа. Тунгалаг, ягаан өнгөтэй бяцхан тэр минь яг л дун шиг хөөрхөн харагдана. Эгдүүтэй уруул нь нэг нээгдэж, нэг хаагдан шинэ ертөнцийн агаараас залгилна.

Би түүнийг өргөн нүүрэндээ ойртуулахад толгой, мөр нь алганд багтаж, хөл нь санжиганав. Духан дээр нь үнсэхэд түүний арьс гөлгөр мэлхий аятай санагдлаа.

Асар их цус алдаж байгаа минь надад жигтэй байлаа. Шалан дэр цус нэлийж, хоёр биеийг холбосон хүйгээ яах талаар гайхашрав. Кинон дээр бол хүйг хамгийн түрүүнд тасалдаг. Хүүхдийн маань амьсгал боогдоно гэж айсан би ганц угзралтаар хүйгээ таслав.  

Би Коксын эмч рүү залгаж, 19 долоо хоногтой жирэмсэн байсан, бас зочид буудалдаа төрсөн гэж хэлбэл “Тэр хүүхэд амьдрахгүй” гэв. Харин би зүүн гартаа барьсан хүүхдээ харж, “Одоо амьд байна” гэж хариулав. Эмч хүүхэд удаан амьдрахгүй гэдгийг хэлээд, бас яаралтай түргэн тусламж явууллаа гэлээ. Би утсаа тавихаасаа өмнө хүүгийнхээ зургийг авлаа. Үгүй бол би түүнийг байсан гэдэгт огт итгэхгүй байх гэж санаа зовсон юм.

Түргэний хоёр эмч хаалгаар орж ирэхэд миний бие сулбайж, ухаан самуурав. Тэдний нэг нь намайг тампон хийхийг хүсэхэд би татгалзав. Мөн надаас согтуу байгаа эсэхийг асуухад би цочирдов. Тэр намайг уйл уйл гэж хэлэхэд нөгөө нэг эмч шуунд минь тариа хийлээ. ХДХВ-гийн халдвар авчих вий гэж санаа зовсон ч уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Эмэгтэй эмч хүүхдийг маань авах гэж оролдох үед би эмчийн гарыг хазахад ч бэлэн байлаа.

Эмнэлгийн өрөөний гэрэл маш хурцаар гэрэлтэнэ. Би хүүхдээ эцсийн удаа харж аваад, түүнийг явуулах болов. Хүү минь нэг тавцан дээр, би нөгөө орон дээр хэвтэнэ. Өрөөний хаалгаар дэлхийн хамгийн царайлаг залуу орж ирсэн нь миний эмч байлаа. Түүний дуу танил сонсогдсон тул би Өмнөд Африкаас ирсэн үү гэж асуув. Хаанаас ирснийг нь би мэдэж байсанд тэр гайхав. Түүнтэй хэсэг ярилцсаны эцэст би цусанд будагдаж, уйлж байснаа анзаарлаа.

Удалгүй тэр харих болсноо хэлээд цус алдаж үхэх аюултай тул зочид буудал руугаа буцаж явж болохгүйг анхааруулав. Би эмнэлэгт үлдэж, богино ханцуйтай цамц, том хүний живх өмслөө. Залуухан сувилагч намайг хувцаслаж дуусаад “Шарсан талх идэх үү, эсвэл цай уух уу” гэж асуулаа. Сүүтэй, чихэртэй цайнаас амсахад олон жилийн өмнө Гималайн нуруунд авирах гэж очсон Балба орон санаанд оров.

Надад аз дайрсан. Угаалгын өрөөнд ийм явдал тохиохоос өмнө буруу зүйл бараг болоогүй. Гэхдээ ийм золгүй явдалд өөрөө буруутай гэдгээ би мэдэж байлаа. Ихэрхүү, хувиа хичээсэн зангаасаа болж онгоцонд суусан намайг Монголыг бүрхэг тэнгэр шийтгэсэн. Би шулам хэвээр үлдсэн ч миний хүч чадал үгүй болсон.

Өглөө нь эмч ирж, намайг маш ховор тохиолддог цочролд орсон талаар хэлэв. Хожим би энэ талаар судлаад ийм цочрол их хэмжээний кокайн хэрэглэсэн, эсвэл цусны даралт өндөртэй эмэгтэйчүүдэд л тохиолддог болохыг олж мэдсэн. Гэхдээ зарим үед хөгшин эмэгтэйчүүд ийм цочролд ордог аж.

Дараагийн таван өдрийг өрөөндөө л өнгөрөөв. Говь руу явснаас гэртээ харьсан нь дээр байсан ч би энэ бүхнийг орхин явж чадахгүй хэвээр байлаа. Талархлын баяр ч ирэв. Бас дуусав. Орондоо хэвтэх би сникерс идэж, багахан виски ууж, жигтэй санагдах зурагтын нэвтрүүлэг үзэх ч голдуу л хүүхдийнхээ зургийг ширтэнэ.

Би уйтгар гунигт автаж, амьсгал авах ч тэнхэлгүй Монголоос эргэж ирсэн. Өөрт тохиолдсон явдлыг эхчүүдэд ярьсан тав, эсвэл зургаан удаагийн тохиолдолд тэд нулимсаа барьж дийлээгүй. Мөн нэг удаа эрэгтэй хүн хүртэл уйлж орхисон. Хүүхэд маань төрсний дараа нүүж орох ёстой орон сууц долоо хоногийн дараа үгүй болж, харин миний гэрлэлт гурван долоо хоногийн дотор төгсгөл болсон. Хөхөнд минь сүү орсон ч дахин дахин цус алдаж эхлэв. Би орондоо, уулзалтын дундуур, эсвэл метрон дотор байхдаа гэв гэнэт чангаар уйлдаг болов.

Үнэн гэвэл арав, хорин хором эх хүн байх нь муу ёр. Эх байх нь ямар ч адал явдлаар солимгүй мэдрэмж. Заримдаа энэ талаар бодоод би дотроо хурсан харанхуй өвдөлтийг мэдэрч, гэртээ ганцаараа байгаа бол Монгол руу явахаасаа өмнө хэзээ ч дуулж байгаагүй дуу авиа гаргаж буйгаа сонсдог. Одоо би ойн гүнд орь дуу тавьж буй шулам болж хувирснаа ойлгосон.  Байгаль. Байгаль эх хүссэн бүхнээ хийх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
16
22
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.