UBLife Logo
-

АН-ын БАГА ХААД

АН-ын БАГА ХААД

 

Ардчилсан нам хааддаа дэндүү ээнэгшжээ. АН-д нэг бус нэлээд хэдэн ширээтүүд заларч, улс төрийг бужигнуулж, эдийн засгийг хямрааж байна. Тэд хэдхэн жилийн өмнө Н.Энхбаярыг хаан гэж, тэрхүү хааныг үзэн ядах үзлээр амьсгалж байсан. Н.Энхбаяр үнэтэй торгон дээл өмслөө, дэнж хотойтол наадлаа, тойрон хүрээлүүллээ, улс төрийг захирлаа, бизнесийнхнээс мөнгө зарцууллаа хэмээж, хааныг жигшин зэвүүцэж байв. Хааныг өрөөсөн нүднийхээ булангаар ч харж чаддаггүй байсан тэд өдгөө хаангүйгээр улс төрийг төсөөлөх чадвараа алдав. Хаан болох, аль эсвэл аль нэг хааны шадар албат байхыг хүсэмжлэх тогтолцоог АН-ынхан өөрсдөө дотооддоо бий болгожээ.  

Орчин цагийн Монгол Улсад бага хаадын сэргэн мандлын үеийг АН авчирлаа. АН-ын бага хаад тус бүртээ эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, албат зарцтай, аймаг сумдтай. Хаан бүр асар бариулж даншиг хийх агаад дэргэдээ лам хуврагуудыг эгнүүлэн суулгаж, сүр хүчийг үзүүлнэ. Хаад өөрсдөдөө зориулан хууль журам гаргана, авлигын тор сүлжинэ. Өөрсдийнхөө дүрмээр амьдарч, ажиллахаа хүрвэл зөвхөн өөрийнхөө тааллаар хөдөлнө. Бусдад мөн л өөрийн ашиг сонирхлыг тулгана. Эс бөгөөс “дайтна”. Бага хаад сэргэн мандахад улс орон хагаран бутарч, сөнөж мөхөх аюулд нэрвэгдсэн түүхтэй.  АН дотор МҮДН, МоАХ, “Алтангадас”, “Чандмань”, “Шонхор”, “Нэг ардчилал” гэсэн фракцууд байх бөгөөд эдгээрийн оршин тогтнохуй хийгээд бодлого, үйл ажиллагаа нь ардчиллын хэм хэмжээнээс хэдийнэ ангижирч, бага хаадын бат бөх систем болон хувирчихаад байна. АН энэ хэдэн фракцынхаа хүчинд л явж байдаг мэтээр хэлж ярьдаг байсан үе бий. Харин одоо гэм зэмгүй асан тэдгээр фракц “Бага хаадын улс” болон өөрчлөгдөж, АН засгийн эрхийг атгасан биш бага хаадынхаа балгаар балчиг намагт живж байх шиг. 

АН уг нь ардчилсан үзэлтэй нам. Түүнийг байгуулсан хүмүүс шударга төр, парламентын засаглал, ардчилсан хуулийн төлөө нэгдсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд хааныг жигшин зэвүүцэж, цаг ямагт ардчиллын үзэл санааг магтан дуулж байснаараа АН шударга ёсны нүүр царай мэт харагддаг байлаа. АН 1996 оноос хойш 16 жилийн дараа анх удаа сонгуульд ялж, засгийн эрх бариад дөрөв дэх оноо угтаж байна. УИХ-д төлөв түвшин сууж буй АН-ын бага хаад дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь Засгийн газраа байгуулаад буй бөгөөд сайд нарын танхим гэдэг нь тэдний хувьд гүйцэтгэх засаглалын утгаа нэгмөсөн алдаж, мөрийтэй тоглоомын газар болжээ. Бага хаадын хэн мөнгөтэй нь сайдын суудалд мөрий тавьж, төсвийн хөрөнгөнөөс аз ёндоогоо үзсээр буй. АН-ын эрх барих дээд байгууллага Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлууд Засгийн газрынхаа сандал суудлын учрыг ололгүй тардаг болсон. ҮЗХ-ны хамгийн сүүлийн хуралдаанд намын даргаас нь өөр хүн ирээгүй учраас тарсан нь ердөө саяхан. Энэ бол АН-ын хаад том байгаагийнх, ирцээр дутаахад л намын ажил нь будаа. Ийм л бага хаадынхаа ойгүй томоос болж АН удахгүй болох сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол жирийн гишүүдийг нь айлгаж буй. Цагтаа ганцаараа их хаан байсан Н.Энхбаяр хүртэл АН-аас ардчилал нэхэхэд хүрэх болжээ. Өнгөрсөн дөрвөн жилд нэгдсэн шийдвэр гаргаж чадаагүйн улмаас бүхэл бүтэн улс орны ажил хэргийг хэрхэн түйвээсэн нь орчин цагийн бага хаадын нэн шинэхэн түүх болж үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
11
37
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.