UBLife Logo
Нийгэм

Зургаан жил хүлээлгэсэн 10-р цогцолборын шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орох уу?

Б.Саруул
Б.Саруул
Зургаан жил хүлээлгэсэн 10-р цогцолборын шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орох уу?

БСШУСЯ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилтын хүрээнд энэ онд нийт 603 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 1-ээс өмнө 50, арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө 10 цэцэрлэг, сургуулийн барилга ашиглалтад орно. 

Ublife сайт боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, гүйцэтгэлийн үйл явцыг цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ удаад бид цэцэрлэг яслийн 10-р цогцолборын шинэ барилгын явцтай танилцлаа. 


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, манай улсад 102 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 2000 хүүхэд байдаг аж. Тэгвэл эдгээр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хамгааллын үйлчилгээг хослуулан хүргэдэг улсын хэмжээнд байгаа ганц цэцэрлэг нь цэцэрлэг яслийн 10-р цогцолбор юм. 

Цогцолборын барилгын ажил яагаад 6 жил хойшлов? 

Тус цогцолбор 1964 онд Эрүүл мэндийн яамны харьяанд 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42-р ясли нэртэйгээр байгуулагдаж, 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын харьяанд шилжин тулгуур эрхтэний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Цэцэрлэгийн байрыг 2013 оны дөрөвдүгээр сард акталж суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон. Ингэснээр тус цэцэрлэгийг Баянзүрх дүүргийн Асрамжийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр” төвийн нэг жигүүрт шилжүүлж, хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 гаруй хүүхэд гуравхан ангид хуваагдан хичээллэх болжээ. Манай сайт өмнө нь энэ талаар тусгай сурвалжлага (Цэцэрлэгийг нь БАЛГАС болгосон ч итгэлийг нь БҮҮ хөсөрдүүлээч, ШИЙДВЭР гаргагчид аа) бэлтгэн хүргэж байсан юм. 

2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, сургалт үзүүлэх бүх стандартыг хангасан байрыг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэж нийслэлийн төсөвт суулгав. Гэвч Засгийн газраас концессын гэрээгээр шинэ цогцолборыг барихаар болж “Ремикон” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан ч удалгүй тус компани барилгын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх боломжгүй болсноо мэдэгджээ. Ийнхүү барилгын ажил хойшилж явсаар 2018 оны төсөвт 800 сая төгрөг, 2019 оны төсөвт үлдэгдэл 4 тэрбум 926 сая төгрөгийг суулгаж өгчээ. 

Шинэ барилгын гүйцэтгэл одоо 65 хувьтай байна 

Нийт 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10-р цогцолборын шинэ барилга нь 7000 м.кв ашигт талбайг хамарсан хоёр блокоос бүрдэх бөгөөд нэг барилгад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, нөгөөд нь сувилал, хөдөлгөөн заслын эмчилгээ хийхээр төлөвлөн барилгын зургийг гаргажээ. 

Хуучин цэцэрлэгийн барилгыг нураах ажил 2018 оны есдүгээр сарын 3-нд эхэлсэн ба арваннэгдүгээр сараас шинэ барилгын ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар барилгын ажил 65 хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ээс өмнө улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж гүйцэтгэгч "Алтанбулаг Трейд" ХХК-ийн төлөөлөл ярьсан юм. Түүнчлэн нэмэлт ажил цөөнгүй байгаа тул үндсэн санхүүжилтээс давсан зардал гарч байна гэж гүйцэтгэгч компани хэллээ. 

"Манай компани тендерт оролцохдоо барилгын ажлыг 4 тэрбум 836 сая төгрөгөөр гүйцэтгэх санал тавьсан. Харин хуучин болон шинэ барилгыг холбосон дулаан, цахилгааны ажил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөөх цахилгаан шат (төсөвт үнээ тусгаагүй), гадна хашаа зэрэг нь гэрээнд тусгагдаагүй тул нэмэлт санхүүжилт шаардлагатай байна. Тухайлбал, гурван ширхэг лифт л гэхэд хагас тэрбум төгрөгийн өртөгтэй" гэж гүйцэтгэгч "Алтанбулаг Трейд" ХХК-ийн захирал Д.Мөнхдэлгэр ярьсан юм. 

Бид энэ талаар БСШУСЯ-ны мэргэжилтэн Л.Отгонжаргалаас тодруулахад "Гүйцэтгэгч компани гэрээнд тусгагдаагүй ажлуудаа тодорхойлж, санхүүжилт авах хүсэлт гаргасан. Үүний дагуу бид Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт ажлуудын магадлагаа гаргуулах хүсэлтээ өгөөд байна. Магадлагаа гарсны дараа санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой" гэсэн хариу өгөв. 

Дулаан, ус, цахилгаан, бохирын шугамгүй хуучин барилгыг нураах боломжгүй гэсэн шийдвэр гарчээ

Нураах боломжгүй гэх шийдвэр гарсан хуучин барилга

БСШУСЯ-ны харьяа сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал "Мэргэжлийн хяналтын газар 10-р цэцэрлэгийн хуучин барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гурван удаа гаргасан. Мөн шинэ барилгын ажлын зураг төслийг гаргахдаа ч хуучин барилгыг нураана гэж төлөвлөсөн. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газар 2009 онд ашиглалтад хүлээж авсан шинэ барилга учраас нураахгүй гэж шийдвэрлээд байна. Гэтэл энэ барилга анхнаасаа буруу зохион байгуулалттай баригдсанаас болж одоо өмхий үнэртэй, чийг цохисон, энд тэндгүй мөөгөнцөр үүссэн байдалтай байгаа юм. Мөн дулаан, ус, цахилгаан, бохирын шугамгүй тул ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хэрэв энэ барилгыг нураачихвал хүүхдүүдийг салхилуулах газартай болох юм" гэв. 

Монгол Улсад цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 2000 орчим хүүхэд байдаг гэж нийтлэлийн эхэнд дурдсан. 2018 оны статистик мэдээллээс үзвэл, эдгээр хүүхдийн 39 хувь нь л цэцэрлэгт хамрагджээ. Хэрэв 280 хүүхдийн ортой 10-р цогцолборын шинэ барилга ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад орвол 280 хүүхэд сурч боловсрох, хөгжих, нийгмийн харилцаанд оролцох нөхцөл бүрдэх нь ээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.