Боксын 75 кг-ийн жинд тулалдсан Синди Нгамба Дүрвэгсдийн багийн анхны олимпын медальтан боллоо. Тэрбээр ням гарагт Францын тулаанч Давина Мишелийг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр буулган авч, хагас шигшээ шатнаа шалгараад байна.
“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслолийн үеэр Дүрвэгсдийн багийн тугчаар сонгогдсон Нгамба пүрэв гарагт Панамын боксчин Атейн Байлонтой мөнгөн медалийн төлөө тулалдана.
Нгамбагийн хувьд, 10 настайдаа Камерунаас Их Британи руу дүрвэсэн хэдий ч, иргэншилгүй тул тус улсын нэрийн өмнөөс олон улсад өрсөлдөх боломжгүй юм.
Түүнчлэн Нгамба Камерун руугаа буцлаа гэхэд бэлгийн чиг баримжаанаасаа болж шоронд хоригдоно. Учир нь Камеруны хуулиар ижил хүйстнийг гэмт хэрэгтэнд тооцдог бөгөөд ийм тохиолдолд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог.
Англид 15 жил амьдарсан тэрбээр Их Британийн иргэншилтэй болохоор шаргуу тэмцсээр байна.
Түүний хувьд, ОУОХ-ны Дүрвэгсдийн багийг төлөөлж, олимпод өрсөлдсөн анхны эмэгтэй боксчин юм.
Дүрвэгсдийн баг Риод явагдсан 2016 оны олимпоос эхэлж, тус наадамд оролцож байгаа билээ. Эл багийн хамгийн сайн амжилтуудаас дурдвал, каратэгийн төрөлд Хамун Дерафшипур, таеквондогийн төрөлд Кимиа Ализаде нар тус бүр олимпын наадмын тавдугаар байрт шалгарч байв.