Английн Чампионшип дивизоны “Плимут Аргайл” клубийн дасгалжуулагч Уэйн Рүүни шинэ ажлаа тун чиг бухимдалтайгаар эхлүүлжээ.
Баг нь Чампионшип дивизоны эхний тойрогт хожигдсон бөгөөд хойшид муу тоглосон хэнийг ч хэлтрүүлэлгүй, тоглох эрхийг нь хасна гэж хатуу сануулаад амжжээ.
“Плимут”-ийн хувьд, 2024-25 оны улирлыг “Шеффилд Уенсэйд”-д 4:0-ээр хожигдон эхлүүлсэн юм.
Английн шигшээ багийн ахлагч асан Рүүни дасгалжуулагчийн хувиар дөрөв дэх багтаа ажиллаж байгаа нь энэ.
"Тоглолтын дараа би тэдэнд хандаж, хэрэв хэн нэгэн тоглогчоос ийм тааруу хичээл зүтгэлийг дахин харах юм бол энэ клубийн төлөө удаан хугацаагаар зүтгэж байгаа, эсвэл дөнгөж л шинээр нэгдсэн эсэхээс үл хамааран талбайд тоглуулахгүй гэдгийг хатуу сануулсан. Хөлбөмбөгийн тоглолтод хожигдож болно оо. Хожигдох, ялагдах үе зөндөө л тохиолддог. Гэлээ ч талбай дээр тоглогчид үндсэн зүйлсийг заавал хийх үүрэгтэй. Гүйж, тэмцэж, бөмбөгний төлөө тулалдахдаа өөртөө итгэлтэй байх учиртай” гэжээ.
Рүүни өмнөх баг “Бирмингем”-ийг удирдсан эхний 15 тоглолтынхоо ердөө хоёрт нь хожсоноор Нэгдүгээр сарын эхэнд үүрэгт ажлаасаа халагдсан юм.