Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорихоор зэхэж байна. Энэ наадамд “Парис-2024” олимпын наадмаас медаль атгасан 17 боксчин тулалдах юм.
Харин Монголын 10 тулаанч рингэнээ өрсөлдөхөөс гурав нь дэлхийн медальт тамирчин юм.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд тулалдах ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эхний тойрогт гоц мөргөлөө. Тэрбээр шигшээ 16-д Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагыриртэй тулалдана.
51 кг-д өрсөлдөх Б.Мөнгөнсаран 9-р сарын 6-ний өдөр Украины Ярослава Марынчуктэй тоглохоор боллоо.
54 кг-д Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн оролцож эхний тойрогт гоц мөргөөд байна. Түүний хувьд, Японы Корин Кокуфу болон Тайванийн Хуан Сяо-Вэн нарын аль ялсантай нь тулалдана.
Хуан Сяо-Вэний тухайд, дэлхийн хошой аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт тамирчин агаад “Ханжоу-2022” Азийн наадмын үеэр манай тамирчин М.Энхжаргалыг ялж байсан.
57 кг-ын жинд тоглох ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал 9-р сарын 5-ны өдөр Австрийн Жули Рамадантай тулалдахаар оноолт таарсан.
60 кг-д ДАШТ-ий V байрын шагналт М.Намуун 9-р сарын 6-ны өдөр Хятадын боксчинтой тулалдана.
Эрэгтэйчүүдийн:
50 кг-ын жинд А.Баттулга эхний шатанд гоц мөргөлөө. Тэрбээр Польш болон Өмнөд Солонгосын тамирчдын аль хожсонтой нь тоглоно.
55 кг-д Х.Билгүүнсайхан мөн л эхний тойрогт гоц мөргөсөн. Түүний хувьд, Швед болон Унгарын боксчдын аль ялсантай нь тулах юм.
60 кг-д хүч сорих Г.Лундаа тэгшитгэлийн шатанд гоц мөргөв. Тэрбээр Литв, Гүржийн тулаанчдын хожсоныг хүлээж байна.
65 кг-ын жинд оролцох ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт тэгшитгэлийн шатыг алгаслаа. Тэрбээр Грек болон Ираны боксчдын ялсантай нь хоёрдугаар тойрогт өрсөлдөнө.
70 кг-д тулалдах О.Бямба-Эрдэнэ, хоёрдугаар тойрогт Литв, Шинэ-Зеландын тулаанчдын дийлсэнтэй нь хүчийг сорих юм.
