Буриадын хамба лам Дамба Аюшеев telegram суваг дээрээ морьт харвааны талаар бичжээ. Хамба лам “Морьт харвааг сайн сурталчилж, хөгжүүлэх хэрэгтэй. Монголд спортын энэ төрөл сэргэн мандаж эхлээд байна. Малаа хариулахдаа машин, мотоцикл унадаг болсон энэ үед морьт харваагаар хичээллэх хэрэгтэй. Манжуудын гаргасан хамгийн ухаалаг шийдвэр нь халх монголчуудыг морин дээрээс нь буулгаж, явган харвадаг болгосон явдал юм. Спортын энэ төрлийг хөгжүүлбэл тосгон болгонд харваач нар төрөн гарах болно” гэжээ.

Дамба Аюшеев үе үе сонин санаа гаргадаг хүн. Өнгөрсөн өвөл тэрээр дацандаа мазаалай тэжээж, үржүүлэх санал гаргасан. Мөн хээрийн чоноос хонин сүргээ хамгаалахын тулд сарлаг тэжээх зөвлөгөө өгч байлаа.