UBLife Logo
Спорт

Гриффин Есүсийг сонгож, сагсан бөмбөгөө орхилоо

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Гриффин Есүсийг сонгож, сагсан бөмбөгөө орхилоо

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ирээдүйтэй тоглогчдын нэг 21 настайдаа зодог тайллаа. Зодог тайлсан шалтгаан нь учрыг тайлах гэхээсээ илүү улам будлиантай болгоод байна.

Дэлхийн бүх сагсан бөмбөгчид НБА-д тоглохыг мөрөөддөг. Европ, Ази, Африк, Өмнөд Америк гээд аль ч тивийн тоглогчид энэ талаар л зүүдэлдэг гэхэд болно. Тэгвэл НБА лигтэй 17 сая ам.доллароор 4 жилийн гэрээ байгуулсан 21 настай залуу сагсан бөмбөгийг орхихоор шийдсэн гэхээр маш хачирхалтай. Яагаад тэр вэ?

Эй Жей Гриффин дунд сургуульд байхаасаа л ирээдүйтэй гэдэг нь мэдэгдэж байв. Түүний аав Эдриан Гриффин НБА-д тоглож байсан, саяхан болтол Милуоки Бакс багийг дасгалжуулж байсан эрхэм. Хүү Гриффин Дьюка их сургуулийн багт орж, цаашдын ирээдүй нь гэрэлтэй харагдаж байв. 2022 оны драфтаар Атланта Хоукс баг түүнийг 16-д авсан нь улам итгэл төрүүлсэн. Мэргэжилд эхний жилээ тэр 8,9 оноо, 2,1 самбар, 1,0 дамжуулалт дунджаар авч, холын шидэлт 39 хувь, 2 онооны шидэлтээ 46,5 хувьтай гүйцэтгэлээ. Нэмэлт цагт ялалтын оноонуудыг авч байсныг нь Атлантагийн фэнүүд одоо ч санаж байгаа нь мэдээж. Шийдвэрлэх үед түүнийг гараанд гаргаж, Гриффин ч итгэлийг хөсөрдүүлдэггүй байв.

Дараагийн улиралд шинэ түвшинд гарах байх гэж байтал харин тэр илт муудаад эхэлсэн юм. Эхний улиралдаа 72 тоглолтод оролцсон бол дараагийн улиралд дөнгөж 20 тоглолтод гарав. Дунджаар 2,4 оноо, 0,9 самбар, 0,3 дамжуулалт гээд үзүүлэлт ч харьцуулах аргагүй. Яагаад тэр тоглолтод гарахгүй байгаа талаар албан мэдээ гарсангүй, ямар ч гэсэн гэмтэл биш гэдэг нь тодорхой байв.

“Би эргэн ирсэндээ баяртай байна. Намайг хэсэг байхгүй байхад дэмжиж байсан багтаа баярлалаа. Би хувийн шалтгаанаар талбайгаас холдсон. Яг юу болсныг дэлгэхгүй” гэж тэр өнгөрсөн улирал ярьж байсан. Түүний хамаатан нь 2023 онд нас барж, гэр бүл, залуу тоглогчид хүнд цохилт болсон байв. Гриффин багаасаа л гай зовлон тохиолдоход шашинд ханддаг байсан тул тэр үед улам шашинсаг болсон байв.

2024 оны зун түүнийг Хьюстон Рокетс багт солилцоогоор илгээлээ. Шинэ багтайгаа таван тоглолтод оролцож, дунджаар 11,6 оноо авч байсан нь муугүй үзүүлэлт. Гэтэл гэнэт түүний зодог тайлах талаар мэдээ гарсан нь бүгдийг шоконд орууллаа. Яагаад, яагаад гэж фэнүүд гайхаж байтал Гриффин юүтүүб сувгаар шалтгаанаа тайлбарласан юм.

“Би Есүсүийг дагахын тулд сагсан бөмбөгийг орхиж байна. Сагсан бөмбөгөөс бүрэн татгалзсанаар би Бурханд өөрийгөө бүрэн зориулж чадна гэж мэдэрч байна. Би сагсан бөмбөгийг амьдралынхаа утга учир гэж бодож байлаа. Гэвч Бурхан надад бид бүгдээрээ түүнд үйлчлэхээр төрсөн гэдгийг харуулсан” гэж хэлсэн.

Хоёр тал гэрээгээ цуцалсан. Гриффин цаашдаа яах нь тодорхойгүй. Гэхдээ тэр ямар ч гэсэн НБА-д хоёр жил болохдоо 7,2 сая ам.долларын орлоготой ажилласан. Харин энэ мөнгийг нь тэр өөрөө юу, сүм хийд нь хэрэглэх үү гэдэг бас тодорхой бус.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.