БНСУ-ын жүжигчин Сун Жэ Рим нас барсан мэдээ тус улсын урлагийн ертөнцийг уй гашууд автууллаа. Рим 39 настай байсан юм.
Цагдаагийн газрын мэдээлснээр түүнийг Сөүлийн Сондон дүүрэг дэх гэртээ амьсгал хураасан байхыг найз нь олж, тусламж дуудсан байна. Тэр найз нь өдрийн хоол хамтдаа идэх ёстой байсан ч ирэхгүй болохоор нь гэрт нь очсон бололтой. Хүчирхийлэлд өртсөн болон гаднын нөлөөтэй гэх ямар нэг шинж тэмдэг байхгүй байгаа тул амиа хорлосон байх магадлал өндөр байгаа юм. Хэргийн газраас гэрээслэл захиа олдсон гэж Сөүлийн Цагдаагийн газар сэтгүүлчдэд мэдээллээ.

Жүжигчний оршуулах ёслол маргааш буюу 14-нд болно. Салах ёслолыг Ёыйдо католик сүмд үйлдэх болжээ.
Сун Жэ Рим 1985 онд төрсөн. Анх моделиор ажиллаж байсан. 2009 онд “Жүжигчин эмэгтэйчүүд” кинонд анх тоглож, цаашдаа олон цувралд дүрээ мөнхөлсөн юм. Хамгийн сүүлийн кино “Цуст роман” нь өнгөрсөн зургаадугаар сард үзэгчдэд хүрээд байсан юм.