Хонконгийн жүжигчин Жеки Чан “Haute Living” сэтгүүлд ярилцлага өглөө. Энэ жил 71 настай Жеки одоо хүртэл орлон тоглогчгүй үзүүлбэр хийдэг хэвээр гэдгээ хэлсэн байна.

Тэрээр “Мэдээж би киноны үзүүлбэрээ өөрөө хийдэг. Энэ бол миний мөн чанар. Тэтгэвэрт гартал өөрчлөгдөхгүй. Харин би тэтгэвэрт гарах бодолгүй байна. Үнэнийг хэлэхэд 64 жил дараалан ажилласны эцэст биеийн бэлтгэл шаардлагагүй болдог. Бүх юм сэтгэл, зүрхнээс гарч ирнэ. Булчин бүгдийг нь санадаг, хадгалсан байдаг” гэж ярьжээ.

Орчин үед компьютер график, хиймэл оюун ухаан гарч, кино урлаг өөрчлөгдсөн ч Чан хуучин системдээ үнэнч хэвээр.

“Бидний үед зураг авалтад гараад өөрсдөө үсэрч харайхаас өөр арга байгаагүй. Харин одоо компьютер хэрэглээд жүжигчид бүхнийг чаддаг болжээ. Гэхдээ л надад реализм дутаад байгаа нь мэдрэгддэг. Нэг талаас жүжигчид орчин үеийн технологиор боломжгүй зүйлийг ч чаддаг болсон бол нөгөө талаас аюултай, эрсдэлтэй гэдэг ойлголт багассаар үзэгчид гол баатруудыг сүртэй, айхтар зүйл хийлээ гэж бодохоо болиод иржээ. Би хэнд ч над шиг амьдралаараа дэнчин тавин, эрсдэл гарга гэж зөвлөхгүй, учир нь үнэхээр аюултай” гэжээ.

Тавдугаар сарын 28-нд “Каратэ-бацаан: Домгууд” кино нээлтээ хийнэ. Жеки Чан мистер Ханы дүрд тоглох юм.

