Өнөөдөр олон улсын Канны кино наадам эхэлнэ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулагчид анх удаагаа зочдод зориулсан дресс-код гаргалаа. Улаан хивсэн дээр хэт задгай хувцастай гарч болохгүй болжээ.
Эрчүүд смокинг, пиджак, эмэгтэйчүүд ёслолын даашинз, костюм өмсөх ёстой.

Зохион байгуулагчид “Улаан хивсний ёслол болон кино наадмын бусад бүсэд “нүцгэн даашинз” өмсөхийг хориглож байна. Хэт биеэ ил гаргасан гоёл байж таарахгүй. Энэ дүрмийг зөрчсөн хүнийг улаан хивсэн дээр гаргахгүй” гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн үед алдарт одод олны анхаарлыг татахын тулд хэт задгай хувцаслаж ирэх болсон. Ингэснээр тэдний хувцас, гоёл нь кино наадам, киноноос илүү үзэгчид, сэтгүүлчдийг татдаг болоод байгаа билээ.

Өнгөрсөн жил Белла Хадид нэвт харагддаг Saint Laurent даашинзтай ирж, олныг шуугиулсан.

Мөн Ирина Шейк ч Gucci-г сурталчлангаа өөрийгөө нүцгэлээд амжсан билээ.
Ева Лонгория, Наташа Поли, Кендалл Женнер, Жулия Фокс нар ч улаан хивсийг ашиглан, нүцгэн биеэ гайхуулсан оддын тоонд багтаж байна.