UBLife Logo
Ном

“Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номоос онцлох 26 эшлэл 

Ж.Хулан
Ж.Хулан
“Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номоос онцлох 26 эшлэл 

Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номыг Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо орчуулан гаргаад байна. 

Мариа Ресса бол Филиппиний “Rappler” мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал юм. Тэрээр Филиппиний нийгэм дэх авлига, Засгийн газрын хуурамч мэдээллийн суртал ухуулга, технологийн компаниудын хариуцлагагүй байдлын эсрэг зоригтой тэмцэгч билээ. Сэтгүүл зүйн үнэнийг эрхэмлэх энэхүү үйл хэргээрээ 2021 онд Нобелийн энхтайвны шагнал авснаар уг шагналыг хүртсэн анхны филиппин хүн болсон юм. 

Түүний адармаатай замнал, сургамжтай үйл хэрэг, амьдралын туршлагынхаа талаар илэн далангүй хуваалцсан “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номоос онцлох 26 эшлэлийг хүргэж байна. 

1.Өөрийнхөө үнэнийг хайсан маань амьдралыг микро болон макро түвшинд ангилж харах эхлэл болсон байх. Ухамсрын түвшинд би өөрөө ч анзаараагүй байж болох нэг зүйл миний жүжигт илэрсэн юм. Хувийн асуудал үргэлж улс төрийн байдаг. 

2.Филиппиний хэвлэл мэдээллийн салбарын асуудал улс төр, компанийн соёлд тулгамддаг асуудалтай агаар нэг. Ер нь институтийн чадамжид тулгуурладаг ямар ч ардчилсан оронд ийм байдаг байх. 

3.Хүмүүст үнэн бодит баримтаас илүү нөхөрсөг таатай харилцаа л чухал байв. Засгийн Газрын түвшинд, хэвлэл мэдээллийн салбарт, бидний өдөр тутмын амьдралд авлига амь бөхтэй оршиж байв. Цагдаа, улс төрчид эрээ цээргүйгээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэвлэлийнхэн эрх мэдэлтнүүдэд ойр байхын тулд өөрсдийгөө цензурдэж, төрийн албаныхан энгийн иргэдээс хахууль нэхдэг байв.

4.Чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй, тэнцвэртэй байх нь чанартай сэтгүүл зүйн бүтээл хийхтэй шууд холбоотойг би эрт ойлгосон. 

5.Миний сүүлд олж мэдсэнээр төрийн эргэлт хийж байгаа цэргүүд юун түрүүнд мэдээллийн урсгалыг хянах зорилгоор төрийн мэдээллийн телевизийн суваг, төрийн радиог булаан эзэлдэг аж. Хэвлэл мэдээлэл нь улс төрийн эрх мэдлийг тогтоон барихад хамгийн чухал үүрэгтэй хэрэгсэл байсаар ирсэн. 

6.Бусдад итгэсэндээ харамссан тохиолдол надад ховор. Бусдад итгэх нь миний хүч бөгөөд хүний сайхан чанарт итгэл төгөлдөр болсон юм. Хүн өөрийгөө бусдад нээж чадсан үедээ хамгийн бат бөх харилцааг үүсгэж, шинэ боломжуудыг нээж байдаг. 

7.Чичигийн хэлсэн үг өнөөг хүртэл тод санагддаг бөгөөд сэтгүүл зүйг өмгөөлөх хүчийг надад өгдөг юм. “Сэтгүүл зүйн нэр төр, ёс зүйн асуудал яригдаж байна шүү дээ”, “Хэн нэгэн ирээд бидний бэлтгэсэн мэдээллийг түгээж болохгүй, эсвэл түгээхээс өмнө хянах хүсэлтэй байна гэх нь хэвлэлийн эрх чөлөөг хааж боож байгаа хэрэг… Хэн ч байсан бид хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч ингэж сэтгүүл зүйд халдуулж болохгүй” гэж билээ. 

8.Хүн хэр сэтгэл татам байх нь тэдний арьсны өнгө (би бор арьстай), хэр сайн хоол хийж чаддаг (би чаддаггүй), хэр дуулгавартай вэ (юу?) гэдгээр үнэлэгддэг. Би энэ хэм хэмжээний эсрэг зогссон. Бид өөр өөр зүйлд татагддаг. Миний хувьд хүсэл тэмүүлэлтэй, ухаалаг чанар, эрч хүч, бусдын зовлонг ойлгох чадварт татагддаг.

9.Шинэ технологийн ачаар аливаа мэдээллийг олж авч, дамжуулах хурд асар нэмэгдсэн бөгөөд энэ нь ямар ч засгийн газрын мэдээлэл олж авахаас хурдтай өрнөж байв. Төрийн албан хаагч нар мэдэгдэл хийхээсээ өмнө бодох, боловсруулах, нийтэд ил болсон мэдээлэлд ямар хариулт өгөхөө хэлэлцэх хугацааг багасгасан юм. Гэвч удалгүй засгийн газрууд энэ технологийг ашиглан, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөд суралцсан билээ. 

10.Технологийн ачаар сэтгүүл зүй эрчтэй, хурдтай, хялбар болсон ч гүн гүнзгий сурвалжилж, учир шалтгааныг тайлбарласан бүтээлүүд цөөрөв. Технологи нэг талаар цаг хэмнэсэн ч нөгөө талаар бидний ажлаа хийх хугацааг хулгайлсан юм. 

11.Бүлгийн сэтгэлгээ нь өөрийгөө хянах хувь хүний чадамжийг үгүй хийж, доторх чөтгөрийн чанараа гарган, дураараа авирлахыг хүмүүст зөвшөөрдөг. Хожим нь хуурамч мэдээлэл нийгмийн боловсрол нимгэнтэй, эсвэл интернэтийг ашиглах туршлагагүй хүмүүсийн оюун санааг сүйтгэж, зан авирыг нь өөрчилснөөр дэлхийн өөр олон оронд үүнтэй төстэй зүйлсийг харсан билээ. 

12.Хэр чанартай засаглал тогтох нь ард нийтийн боловсролоос хамаардаг. Боловсролд хийсэн хөрөнгө оруулалтын үр шим нь нэг бүтэн үе өнгөрч байж л мэдрэгддэг. Үүний адилаар боловсролд хөрөнгө оруулалт хийгээгүйн хор нөлөө нь нэг үеийн дараа ил болдог. Улсын төсөвт боловсролын салбарт хуваарилсан мөнгө бол хүн арддаа хийж буй хөрөнгө оруулалт юм. 

13.Би сэтгүүлчийг “тэнцвэртэй” гэж биш “сайн” гэх үгээр тодорхойлдог. Сайн сэтгүүлч тэнцвэрийг хайдаггүй. Тухайлбал, дэлхийн удирдагч дайны гэмт хэрэг үйлдсэн бол, эсвэл ард түмэндээ ил цагаан худал хэлж байгаа үед тэнцвэртэй байх гэж хичээвэл худал хуурмагийг дэврээж байгаа хэрэг болно шүү дээ.Сайн сэтгүүлч нотолгоо, хөдөлшгүй баримтын талд зогсдог. 

14.Технологийн компаниудын танд хүргэж байгаа мэдээлэл зөвхөн тухайн компанийн ашиг олох зорилгоор тодорхойлогдож байна. Энэ бол бидний амьдарч буй шилжилтийн үе. 

15.Венн диаграмм дээр хоорондоо огтлолцсон гурван дугуй зурж, огтлолцлын цэг дээр нь Rappler-ыг байрлуулав. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, технологи, олон нийт. Хөрөнгө оруулагчдад байгууллагаа “Rappler сэтгүүл зүйгээр дамжуулан үйлдэл хийдэг олон нийтийг бүрдүүлнэ” гэж сурталчилдаг байлаа. Сайн сэтгүүл зүй дэлхийг өөрчлөх чадалтай гэж итгэдэг байв.

16.Миний 2011 онд хоёр гараа дэлгэн угтан авч байсан [технологийн] хөгжил төрийн эрх мэдлийг гажуудуулж, цахим автократууд төрүүлж, баримт сэлтэд цэг тавьж, өнөөдрийн бидний амьдралыг тодорхойлж байгаа олон нийтээрээ хоморголон тархиа угаалгадаг, ард түмнийхээ эсрэг зогсдог бодит байдлын эхлэл болсон билээ. 

17.Сошиал медиа нөлөөлөгчдийн эдийн засаг эрчээ авч эхлэхэд Twitter-ийн дагагч худалддаг сэжиг бүхий компаниуд Филиппинд салбаруудаа нээж байв. Улс төрийн маркетинг гэдэг ойлголт энэ үеэс зохион байгуулалттай сүлжээгээр хуурамч мэдээ түгээх байдлаар ойлгогддог болсон байв. 

18.Дутерте болон Маркосыг дэмжсэн хуурамч мэдээллийн сүлжээний түгээж байгаа мэдээллийг худал гэж хэлсэн хүн бүрийг галзуу гэж цоллож байв. Харин хуурамч мэдээлэл түгээгчдийг дэмжиж байгаа бүхэн эерэг талын дүр болж байлаа. 

19.Facebook мөнгө олохыг нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахаас чухалд тавьдаг. 

20.Эцсийн эцэст уур хилэн бол Facebook-ийн ашгийг бүрдүүлдэг гол төлбөрийн хэрэгсэл билээ. Зөвхөн уур, хилэн, айдас л Facebook-ийг өдөр бүр хэрэглэх хүмүүсийн тоог улам олон болгож байв. Хүчирхийлэл Facebook-ийг баяжуулсан. 

21.Тэр шөнө засгийн газар намайг хорьсон нь хэлмэгдүүлэлт, дарангуйллын илрэл байлаа. Миний эрх зөрчигдөж, би өөрийгөө сэтгүүлч биш иргэний хувьд мэдрэв. Хэрвээ тэд олны нүдэн дээр байдаг, тодорхой хэмжээний нийгмийн дэмжлэгтэй сэтгүүлч хүнийг ингэж хэлмэгдүүлж чадаж байгаа юм бол нийгмийн харанхуй өнцөг булан бүрд байгаа энгийн иргэдийг яаж чадна гэсэн үг вэ? Харанхуй гудамжинд амьдарч байгаа ядуу эрд ямар аврал байна вэ? 

22.Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчидтэй хамаатай ойлголт биш. Зөвхөн Rappler эсвэл би ч биш. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нийт олны үнэнийг мэдэх эрхийн үндэс суурь юм. 

23.Автократ болж байгаа орны иргэд итгэл үнэмшлээ нэг л өдөр гэнэт хаячихдаггүй аж. Тэд автократын шаардлагыг дагах эсэх тухай шийдвэртэй өдөр бүр тулгарч байдаг. 

24.Активистууд ч бас хуурамч хаяг үүсгэж, төртэй өөрсдийнх нь аргаар тэмцэх ёстой юу гэсэн асуултад би дандаа нэг л хариулт өгдөг. “Мангастай тэмцэхийн тулд мангас болох хэрэггүй”. 

25.Нобелийн энхтайвны шагнал авсны дараа хэлсэн үгэндээ би хүн нэг бүрээс ардчиллаа, эрх чөлөөгөө, эрх тэгш байдлаа хамгаалахыг уриалсан. Хувь хүний тэмцлээс улс төрийн тэмцэл болдгийг, нэг хүний тэмцэл хэрхэн хамтын зорилготой пирамид болон хөгжиж болдгийг харуулах гэж зорилоо. 

26.Хүн төрөлхтнийг хагалган бутаргадаг биш нэгтгэдэг интернэтийн алсын харааг бий болгох хэрэгтэй. Харин богино хугацаанд бол өөрсдөдөө л найдахаас өөр аргагүй. Тэгэхээр хамтар, хамтар, хамтар. Хамтын ажиллагаа итгэлээс эхэлнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.