АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан Ордонд Ирландын холимог тулаанч Конор Макгрегорыг хүлээн авч уулзлаа. Энэ сарын эхээр Трамп Ирландын Ерөнхий сайд Михол Мартинтай уулзаж байхдаа Конорыг дурдаж, “Танай тулаанч надад их таалагддаг. Миний амьдралдаа үзсэн хамгийн гоё шивээсний эзэн дээ. Ирланд залуус чанга гарууд, хүчтэй тулаанч олон” гэж хэлж байсан юм.

Ингээд хэдхэн өдрийн дараа Гэгээн Патрикийн өдрөөр Конорыг биечлэн урьсан байна. Гэгээн Патрик бол Ирландыг тэтгэч, хамгаалагч бөгөөд түүний дурсгалын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 17-нд тэмдэглэдэг. Ирланд, Хойд Ирландад Үндэсний баяр бол дэлхий даяар тархан суугаа ирландчууд өргөн тэмдэглэдэг байна.
Конор, Трамп хоёр зүгээр нэг уулзаж ярилцаад өнгөрсөнгүй. Цагаан Ордноос тусгай индэр засаж, Конорт мэдэгдэл хийх эрх олгосон. Конор ч үзүүлж өгсөн юм. Тэрээр “Ирландчууд бид Америк ахдаа найдаж байна. Ах аа, биднийг авраач. Дүрвэгч, цагаачдыг хүлээн авах явдал хэрээс хэтэрлээ. Зарим хотод цагаачид ирландчуудаас илүү олон болжээ. Ирландад юу болж байгааг АНУ мэдэх цаг нь болсон. Ирландын Засгийн газар дүрвэгчидтэй нийлэн улс орноо баллаад байна. Бидний мөнгө хил даваад алга болдог боллоо. Цагаачид манай улсыг хоосолж байна. Бидэнд АНУ-ын тусламж хэрэгтэй” гэж Ирландын нийгэм, улс төрийн байдлын тухай гал цогтой нь аргагүй бараг илтгэл тавилаа.

Ирландын Ерөнхий сайд “Гэгээн Патрикийн өдрөөр хүмүүс найрсаг нөхөрсөг байж, нэгэндээ аз жаргал бэлэглэдэг уламжлалтай. Конор Макгрегорын үг буруу, ирландчуудын үзэл бодлыг илэрхийлээгүй. Конор манай улсыг АНУ-д төлөөлдөг хүн биш. Түүнд ард түмний өмнөөс үг хэлэх эрх байхгүй” гэж тэр дор нь хариу барьсан.
Үнэхээр Ирланд улс дампуураад байгаа юм болов уу? Үнэхээр гадаадын цагаачдаар дүүрсэн юм болов уу?

Central Statistics Office-оос гаргасан илтгэлд 2023 оноос хойш Ирландад гэмт хэргийн тоо өссөн гэж мэдээлжээ. Дээрэм 10 хувь, хулгай 23 хувь нэмэгдсэн тоо байна. Хүн хулгайлах, барьцаалах болон галт зэвсэг, дэлбэрэх бодис ашигласан хүнд гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Харин энэ нь Конорын хэлсэн шиг гадаадын иргэдтэй холбоотой юу гэдэг тодорхойгүй. Ирландчууд ч Конорын талаар санал хуваагдаад байна. Нэг хэсэг нь түүнийг дэмжиж, улс төрд орохыг нь өөгшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь түүнийг хэл аманд байнга ордог, хулиган гэж тодорхойлжээ.