Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-д оролцох эрхээ авч чадалгүй хоцрох вий гэсэн айдастай ер нүүр тулж байсангүй. Гэхдээ одоогийн нөхцөл байдал нь зайлшгүй санаа зовох хэмжээнд хүрээд буй.
Өмнөд Америкийн бүсээс шилдэг зургаан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ шууд авна. Харин 7-р байрт эрэмблэгдсэн баг нь плей-оффын тоглолтоор хувь заяагаа шийдэх учиртай.
Бразилчууд хүснэгтийн 4-р байранд эрэмблэгдэж байгаа авч 7-рт жагсаж буй сүүлийн 10 тоглолтодоо ердөө ганцхан хожсон Венесуэлийн багаас 6 онооны зөрүүтэй байна. Урьдчилсан шатны өрсөлдөөн дуусахад ахин дөрвөн тойрог дутуу байгаа юм.
Хэдий нөхцөл байдал эргэлзээтэй байгаа ч тэдний сонгон шалгаруулалтаас хасагдах эсэх нь төдий л чухал биш ээ. Харин жил гаруйхны дараа эхлэх ДАШТ-д түрүүлэх хэмжээний амбиц энэ багт одоогоор алга.
Өнгөрсөн ДАШТ-ий шигшээ наймд тэд Хорватын багтай таарч, торгуулийн цохилтоор ялагдсан. Гэхдээ Катарт хүч сорьсон Бразилийн шигшээ багийнхан одоогийнхоосоо хавьгүй хүчирхэг байсан юм.
Өдгөө тэд яагаад ийм сул баг болчихов оо? Ур чадвар сайн хангалттай олон тоглогч тэдний бүрэлдэхүүнд байна, гэхдээ яагаад ингэж уйтгартай тоглоод байна вэ?
Мягмар гарагт тэд Аргентиний багтай учраа таарахад 4:1 харьцаатай бут ниргүүлсэн. Хагас хамгаалалтын шугамдаа дийлдэж, довтолж, бас хамгаалж ч чадсангүй. Энэхүү муу тоглолт нь тохиолдлынх эсвэл гэнэтийн явдал биш байсан.
Хэрвээ оролцсон жүжигчид нь хангалттай нөөц бололцоотой хэр нь тоглосон кино нь муу болоод байвал найруулагчийн буруу байх нь лавтай.
Тэгэхээр энэ шигшээ багийн эхний асуудал бол дотоод дахь сайн дасгалжуулагчийн дутагдлаас үүдэлтэй юм.
Бразилийн шигшээ багийн одоогийн дасгалжуулагч Доривал Жуниорын тухайд тоглогч болон дасгалжуулагчаар 40 гаруй жил ажилласан туршлагатай. Гэлээ ч олон улсын хөлбөмбөг гэдэг түүний туршлага зузаатгасан дотоодынх нь өрсөлдөөнөөс хавьгүй өөр байдаг.
Аргентиний эсрэг төвийн хагас хамгаалалтад хоёр тоглогчийг гаргасан нь хүмүүсийг гайхашруулсан шийдвэр боллоо. Магадгүй жилийн өмнө Английн эсрэг тоглосон шигээ сөрөг довтолгоо зонхилсон тактикийг баримталж яагаад болохгүй гэж?
Үнэндээ Доривалийн бүтэлгүйтлийг тэвчих нь Бразилийн дэмжигчдэд яасан хэцүү байдаг бол оо?
Түүнийг солихоор болбол хоёр сонголт тэдэнд бий. Эхнийх нь хилийн чанадаас удирдагчаа хайх юм. Португали дасгалжуулагч Хорхе Жезүс энэ багт хамгийн сайн тохирох мэргэжилтэн байж болох талтай.
Удаах боломж нь “Челси”, “Атлетико Мадрид” зэрэг багуудад хүчин зүтгэж байгаад өдгөө “Фламенго”-гийн дасгалжуулагчаар ажиллаж буй Филипе Луисийг аль болох хурдтайгаар чадвахжуулах явдал юм.

Пакета энэ багт үгүйлэгдэж буй хамгийн чухал тоглогч
Сүүлийн үед Бразилийн шигшээ баг хүч суларсны нэг том шалтгаан нь төвийн хагас хамгаалалт дахь жигүүрийн тоглогчийн орон зай эзгүйрсэнтэй холбогдоно.
“Вэст Хэм” багт шуугиулж, “Манчестер Сити”-гээс том үнийн дүнтэй саналыг хүлээж авсан Лукас Пакета бол энэ байрлалын гол төлөөлөгч байлаа. Харамсалтай нь түүний замнал уналтад орж, өдийг хүртэл ахин сайжирсангүй.
Хэрэв та бүхэн анзаарсан бол жилийн өмнө Англи, Испанийн багуудын эсрэг Бразил сайн тоглоход Пакета энэ багийн хамгийн чухал тоглогч гэгдэж байв. Тэрбээр хагас хамгаалалтын орон зайг нөхөхөөр үл барам тоглолтын хэмнэлийг найруулж, Винисиус Жуниороос дутуугүй жигүүрийн довтолгоонд хурдтай, уртай тоглолтоороо хүч нэмж байсан.

Неймар шигшээ багтаа сэргэлт авчирч чадах уу?
Бразилийн шигшээ багийг дэмжигчдийн хувьд хамгийн том хүлээлт үүсгээд буй зүйл нь Неймарын уналтад орсон формоо сэргээхээр эрмэлзэж буй хичээл зүтгэлийн үр дүн юм.
Тэрбээр үндэстнийхэндээ итгэл найдвар төрүүлж байна. Гэхдээ Пакетагийн эзгүйрсэн орон зайг тэр хангалттай хэмжээнд нөхөж чадах уу гэдэгт хариулт хэлье гэхэд хэтэрхий эрт байна.
Удаан хугацааг бэртэл гэмтэлд алдсан тэрбээр хуучин формоо ахин сэргээхийн тулд багагүй сорилтуудыг туулах учиртай.
Бас нэг асуудал нь Неймарын нас. 33 нас гэдэг тийм ч найдвартай тоо биш ээ. Гэлээ ч зөвхөн түүний л нөхөж чадах асар том цоорхой энэ шигшээ багт бий.
Роналдогийн үнэмлэхүй хичээл зүтгэлээр ДАШТ-ий тав дахь түрүүгээ тунхагласан 2002 оны баяр баясгаланг бразилийн ард түмэн санана дурссаар байгаа нь гарцаагүй. Тэд зургаа дахь ялалтаа хүлээсэн хэвээр байна. Хэрэв тэд ирэх жилийн ДАШТ-д энэ хүлээлтээ гүйцэлдүүлж чадваас мягмар гарагийн гутамшигт ялагдлийнхаа дараах гэж үзвэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу сэргэлтүүдийн нэгээр олон зууны туршид яригдах нь гарцаагүй юм.
