Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа оролцож, ялалтын агшныг хамгийн их мэдэрсэн хүн бол хөлбөмбөгчин, дасгалжуулагч аль нь ч бус харин жирийн нэгэн илээч байвал яах вэ? Гэхдээ тэр бол жирийн нэгэн биш жинхэнэ “ид шидтэн” байсан хүн.
Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн илээч Марио Америко долоон (1950, 1954, 1958, 1962, 1966, 1970, 1974) дэлхийн аваргад оролцсон цорын ганц хүн юм. Марио Америко 1912 онд Бразилын Минас Жерайс мужийн Монте Санту хотноо төрсөн бөгөөд 22 настайгаасаа хөлбөмбөгийн багийн илээч болж, амьдралынхаа 38 жилийг энэ ажилдаа зориулжээ. Олон дэлхийн аваргад оролцсоноос гадна “онцгой даалгавар” гүйцэтгэгч байсан гэдэг, Марио.

Түүний тухай миний бие анх домогт спортын тайлбарлагч Н.Озеровын номноос уншиж байлаа. 1958 оны Шведэд болсон хөлбөмбөгийн ДАШТий аваргын төлөө тоглолтын өмнө Бразилын багийн удирдлагууд, ахлах дасгалжуулагч Âинсент Ôеола нар Марио Америкод нэгэн “онцгой даалгавар” өгчээ. Тэр нь хэрэв Бразилын баг дэлхийн аварга болбол түүхэн тэр бөмбөгийг ямар нэг аргаар олж авах (тухайн үед одоогийнх шиг олон бөмбөг хэрэглэдэггүй, мөн тоглолтыг шүүсэн шүүгч тоглолтын бөмбөгийг өөртөө авах эрхтэй байсан гэдэг) байв.

Ингээд таамаглал ёсоор Бразил хожин, анх удаагаа дэлхийн аварга болж, тоглолтын цаг дуусангуут Беллини тэргүүтэй бразилчууд бөмбөгийг бидэнд өгөөч гэж талбайн шүүгчээс гуйж. Франц шүүгч М.Гиг “Үгүй үгүй, холдоцгоо” хэмээн бөмбөгөө тэврээд явж байтал нэгэн халзан нөхөр хаанаас ч юм гарч ирээд бөмбөгийг шүүрэн аваад зугтан одох нь тэр. Тэр хүн бол манай гол баатар байлаа.
Хувцас солих өрөөнд хамгаалалтынхан ирэх үед “бөмбөг шүүрэгч” маань олзоо аль хэдийнээ нууж амжсан байв. Ийнхүү Бразилын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй бөмбөг түүний ачаар Өмнөд Америкийг зорьсон ажээ. Хачирхалтай нь энэ явдал дөрвөн жилийн дараа яг давтагдсан байдаг.
• 1962 оны ДАШТий шигшээ тоглолтод бразилчууд Чехийг 3:1ээр хожин, дэлхийн хошой аварга болсны дараа тоглолтыг дэнсэлсэн ÇХУын шүүгч Н.Латышевээс бразилчууд дурсгалт бөмбөгийг гуйж, харин шүүгч толгой сэгсрэн явах үед өнөөх л Бразилын халзан толгойт илээч бөмбөгийг булаан зугтаажээ.
Тоглолтын өмнө Н.Озеров нутаг нэгт шүүгчид тоглоом наргианаар “Бразилын халзан илээч энд ирсэн гэсэн шүү” хэмээн сануулахад Н.Латышев “Би шөвөг авч яваа. Түүнийг булаахаас өмнө бөмбөгийг цоо хатгаад хийг нь гаргачихна. Тэгээд яаж булаахыг нь харнаа!” хэмээн хошигнож байв.

Харин тоглолтын дараа шүүгч “Тэмцээний журам өөрчлөгдсөнийг мэдэж байлаа. Би бөмбөгийг багийн ахлагчид өгөхийг хүсэж байсан. Харин тэр муу халзан илээчийг дэгээдэж унагаж чадаагүйдээ л харамсаж байна” гэж ярьсан удаатай.
• Марио Америко зөвхөн илээч, “бөмбөг шүүрэгч” байсангүй. Тэрбээр Финсент Феолагаас эхлээд Марио Загалло хүртэлх үе үеийн Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн найдвартай туслах байсан юм. Тэрбээр дасгалжуулагчдын тактикийн зааварчилгаа бичсэн цаасыг эмнэлгийн анхан шатны цүнхэндээ хийгээд талбай дээр тоглогчдод тусламж үзүүлэх үедээ дамжуулдаг байжээ.
• Хөлбөмбөгийн ертөнцөд Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг гурван удаа хүртсэн гуравхан хүн манай ертөнцөд бий. Мэдээж эхнийх нь 1958, 1962, 1970 оны дэлхийн аварга, Хөлбөмбөгийн хаан Пеле. Түүний дараа 1958,1962 онд тоглогчийн хувьд, 1970 онд дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон алдарт Марио Загалло. Харин гурав дахь нь Марио Америко юм.
Ц.Энхтүвшин