Тавдугаар сарын сарын 16-18-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болох Үндэсний номын баяраар шинэ, сонирхолтой цөөнгүй ном хэвлэгдэн гарах нь ээ. Тухайлбал, нэгэн үеийн төлөөлөл дөрвөн ч зохиолч томоохон хэмжээний туурвилаа зэрэгцээ шахам хэвлүүлж таарсан нь Монголын уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал болов.
Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Б.Баясгалан “Догшин тэнгис”

Эрхлэн гаргасан: Tagtaa publishing
Амьдралдаа өөрийгөө шидэт реалист зохиол бичнэ гэж төсөөлж явсангүй. Амьдралаа шиджүүлж, хөрснөөс нь хөндийрүүлэн сэтгэх минь ч ховор. Гэхдээ эх орны тухай, үндэс угсааныхаа тухай, монгол хүмүүний мөн чанар, танигдахуйн тухай бодохуй бидний оршихуйг хөрстийн амьдралд хөгнөж холбож буй нь ердөө л шид мэт сэтгэгдэх нь бий. Тэр шид цааснаа амилж, ийм нэгэн романы хуудсыг таны өмнө дэлгэлээ.
Эх орноосоо түрхэн хугацаанд явахын өмнө уншигчдадаа үлдээж буй миний чин сэтгэлийн бэлэг юм шүү.
Б.Батзаяа “Санахгүй байна, гэхдээ сайхан байна”

Эрхлэн гаргасан: Boobooks
Яруу найрагч Б.Батзаяа энэхүү түүвэрт 2017 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээсээ сорчлон хэвлүүлжээ. Тэрбээр номондоо зориулж мэрч гаргасан анхны хүн болов уу.
Хүүрнэл зохиолын төрлөөр анх “Намаг” нэртэй өгүүллэг бичсэн нь түүнд 2017 оны “Тагтаа” утга зохиолын шагналыг авчирсан. Түүнийг ямар нэг “галзуу” зүйл туурвина гэдэгт итгэж найддаг, шинэ номыг нь үргэлж хүлээдэг уншигчдын олонх залуу хүмүүс байдаг.
Өдийгөөс яг жилийн өмнө тэр “Тарган муур” нэртэй хүүрнэл хэлбэрийн анхны номоо хэвлүүлсэн нь тун ч эрэлттэй байсныг хэн бүхэн санаж буй биз ээ.
Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц”

Эрхлэн гаргасан: Долоон ОД хэвлэлийн газар
“Шагундалагийн ертөнц” бол яруу найрагч, зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн хүүрнэл зохиолын анхны томоохон бүтээл юм. Тэрээр залууст зориулсан хайрын сэдэвтэй тууж бичнэ хэмээн төлөвлөсөн ч бичих явцад санаа нь өргөжин тэлсээр роман болсон аж.
Тус романы гол дүрийг Энэтхэгийн алдарт найрагч Галидаасын “Шагундала” жүжгийн дүрээр нэрлэж, уран бүтээлч залуусын дотоод ертөнцийг дүрийн сэтгэлзүйгээр илэрхийлэн бичжээ. Мөн хот хөдөөгийн залуусын харилцааны ялгаа, уран бүтээлийн мөн чанар зэрэг өргөн сэдвийг хөндсөн аж.
“...Хүний хувь тавилан, дотоод өсөлт, ухаарал, эгээрэл нэгэн цэгт ирэх “алтан огтлол” дээр хайр сэтгэл бүтэн бүрэлддэг хэмээх үүдэл санаа ийнхүү роман болон уншигч танд хүрч байна” хэмээн номын танилцуулгад дурджээ.
Ц.Гончиг “Тойром”

"Цул мөнгөн гүүр" өгүүллэгийн ном нь хоёр оны өмнө хэвлэгдэж судлаач, уншигчдын талархлыг хүртсэн зохиолч, яруу найрагч Ц.Гончигийн хүүрнэл зохиолын хоёр дахь, анхны том хэмжээний бүтээл "Тойром" нэрт роман уншигчдад хүрч байна.
Энэхүү романы үйл явдал ХХ зууны эхэнд өрнөх боловч манай уламжлалт түүхэн романы жишгээс эрс өөр эрэл, шинэ хандлага, орчин үеийн туурвил зүйн техникийг ашигласан нь уншихуйяа мэдрэгдэх болов уу. Түүхэн өнгө аяс, уран хэл найруулга, гүн бодлогоор уншигчдыг татах энэ роман нь шинэ үеийн Монгол уран зохиолын үнэ цэнтэй бүтээл болох нь дамжиггүй.
Пэк Сэхи “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна”

Эрхлэн гаргасан: Tagtaa publishing
Орчуулагч: П.Номинбилэг
Хэвлэлийн газарт ажилладаг Пэк Сэхи бүсгүйн сэтгэл засалчтай ярилцсан тэмдэглэлүүдээс бүрдэх уг ном 2018 онд худалдаанд гарсан цагаасаа хойш орон орны уншигчидтай сэтгэлзүйн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хүүхэд нас, харах өнцөг, харилцаа гэх мэт нэн чухал сэдвүүдээр халуун яриа өрнүүлж, сэтгэлийн үгээ дэлгэн хуваалцах дотнын найз, зөвлөн чиглүүлэгч нь болсоор буй билээ.
Дистими буюу архаг сэтгэл гутрал оноштойгоор анх сэтгэл засалчтай уулзаж эхэлсэн Пэк Сэхи эдүгээ олон улсад танигдсан зохиолч болж, тус ном нь дэлхийн 25 орны хэлээр орчуулагджээ.
Сэтгэл дотроо төөрч будилж, утга учир эрэн бэдэрч яваа хөвгүүд, охид, залуус, бүсгүйчүүлд амьдралын утга учрыг хамтдаа бэдэрсэн ийм нэгэн бүтээл таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Г.Алтансүх “XII зууны монголчуудын нийгмийн байгуулал”

Зохиогч уг номдоо анхдагч эх сурвалжууд болон урьдын судалгаануудыг тоймлон үзэх, XII зууны монголчуудын төрийн зохион байгуулалт, төрлийн тогтолцоо, аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын тухай шинжлэх, XII зууны монголчуудын нийгмийн байгуулалд холбогдох суурь ойлголтуудыг “Ойлголтын түүх”-ийн аргаар дахин нягтлах аргаар XII зууны монголчуудын нийгмийн байгууллын шинэ судалгаа хийхийг зорьжээ.
Тэгэхдээ эх сурвалжаас олж цуглуулсан мэдээллүүдийг археологи, түүхэн хэл шинжлэлийн баримтуудаар баяжуулан, нөхвөрлөхийн зэрэгцээ дундад зууны үеийн аяллын тэмдэглэл, толь бичиг тэргүүтэй хоёрдогч эх сурвалжуудыг ашиглан XII зууны монголчуудын нийгмийн байгууллын асуудлыг шинээр нягталсан байна.
Үр дүнд нь, Марксист онол болон Нийгмийн хувьслын онолын хүрээнд XII зууны монголчуудын нийгмийн байгууллыг төрлийн холбоонд суурилсан нийгмийн удирдлагын бүтэцтэй хэмээн үзээд “овог” хэмээх ойлголтод тулгуурласан нийгмийн байгууллын бүтцийг бий болгосон нь тухайн үеийн онолыг баримталсан алдаатай загвар байсныг батлав. Мөн үүний зэрэгцээ түүхийн анхдагч сурвалжуудаас XII зууны монголчуудын төрлийн тогтолцоо ба төрийн удирдлагын тогтолцооны ойлголтуудыг ялган авч тус тусад нь нарийвчлан судалж, XII зууны монголчуудын овог, ураг, ясун гэх суурь ойлголтууд дээр тулгуурласан “төрлийн тогтолцоо” ба улс, иргэн, зүүн гар, баруун гар, хүрээ гэх мэт суурь ойлголтуудад тулгуурласан “төрийн удирдлагын тогтолцоо” зэрэгцэн оршиж байсныг нотолсон.
Үүгээрээ XII зуунд ураг төрлийн холбоонд суурилсан нийгмийн удирдлагын тогтолцоо байсан гэх хуучин үзлийг үгүйсгэж, шинэ саналыг дэвшүүлсэн байна.
Б.Энхжаргал, Х.Ганганмөрөн “Бөөлхөн дохионы хэл сурсан нь”

Эрхлэн гаргасан: Болжмор
Хүний эрх, ялгаатай байдлын талаарх ойлголтыг түгээдэг Бөөлхөнийг мэдэхгүй хүмүүс ховор байх. “Бөөлхөний зүүдний найзууд”, “Барилгачин Бөөлхөн” цувралын утга агуулгыг НҮБ-ын Хүүхдийн сангаас өндрөөр үнэлж, 20,000 орчим хувиар хэвлэгдсэн нь хамгийн их түгээлттэй хүүхдийн ном гэдгийг илтгэнэ. Тэр ялгаатай байдлын талаарх ойлголтоо түгээсээр...
“Бөөлхөн дохионы хэл сурсан нь” шинэ номоор харилцаа зөвхөн чихэнд сонстдоггүй бие биеэ ойлгож чадах хайрын хэлэнд байдаг талаар өгүүлжээ. Бид өөр янзаар ярьдаг найзуудаа мартсан юм биш биз!
Д.Урианхай “Одоо л би амьдарч эхлэх нь”

Эрхлэн гаргасан: Д.Урианхай судлал Академи
Уран зохиолын бүхий л төрлөөр бүтээл, туурвил бичиж, тэр бүхэн нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн Монгол цөөн байдаг. Тэдгээрийн дотор өдгөө ч шинэ, сонирхолтой номуудыг бичсээр буй ганц эрхэм бол зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай билээ.
Түүний яруу найргийн төрлөөрх ээлжит туурвил “Одоо л би амьдарч эхлэх нь” нэртэйгээр хэвлэгджээ. Уг ном зохиолч Д.Урианхайн гар бичмэл гэдгээрээ ихээхэн үнэ цэнтэй бүтээл болно.
Ирис Бонет “Яавал үр дүнтэй вэ?”

Эрхлэн гаргасан: RISE Mongolia
Орчуулагч: Н.Өнөржаргал
Зан үйлийн загварчлал гэдэг сонирхолтой арга зүйгээр хэрхэн жендэрийн тэгш байдал төдийгүй ер нь тэгш хүртээмжтэй нийгэм гэдэгт хүрч болохыг нотлосон бүтээл ажээ.
Мэдээж уран зохиолын бус ном учраас уншигч өөрийн эрхшээл таашаалаар хаанаас нь ч, ямар ч агуулгыг нь сонгоод унших боломжтой.
Одоо миний санаанд байгаа дажгүй жишээ гэвэл: оркестрын хөгжимчдийг blind audition хийдэг болсноос хойш эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа, SAT тест дээр буруу хариултыг хасах оноонд тооцохоо больсноос хойш охидын оноо дээшилсэн яагаад гэхээр хөвгүүд буудаад онох нь оночихдог, охид эргэлзвэл эрсдлээс айгаад алгасаад бага оноо авдаг байж, мөн потенциалтай өсөх ирээдүйтэй гэдэг ажилд авах үнэлгээ нь эрэгтэйчүүдэд л үйлчилдэг, эмэгтэйчүүдийг бодитоор үнэлэхэд саад болдог ойлголт аж гэх мэт. Ер нь үнэлгээ ба бүтээмжийн талаар маш их авах юмтай учир бизнесийн, эдийн засгийн ном гээд байгаа юм, үүнийг.
Харин ухамсаргүй өрөөсгөл хандлага, түүнийг яаж засах вэ гээд ирэхээрээ сэтгэл зүй, зан үйл судлал болоод ирнэ.
Үүнээс гадна дээрх сэдвүүдтэй холбогдох судалгаа, дата, туршилтын үйл явц, үр дүн, бодитой жишээгээр хичнээн баялаг гэж санана аа. Нэгэнт бариад авбал ширээний ном болох нь гарцаагүй дээ.
“Эртний улсуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудал” нэгэн сэдэвт хамтын бүтээл

Зохиогчид: Г.Алтансүх, Л.Эрдэнэболд, Б.Очир, М.Нямбат, Э.Уртнасан, Э.Саранболор нар.
Уг номд нүүдлийн нийгэм судлал дахь нийгмийн байгуулал, төрийн бүтэц, зохион байгуулалт, мал аж ахуй, төмөрлөг боловсруулалт, нүүдэлчдийн хот байгуулалт ба нүүдлийн нийгэм дэх суурьшлын асуудлыг тодорхой хэмжээнд хөндсөн шинэ өгүүллүүдийг нэгтгэн хэвлүүлжээ.
Энэхүү хамтын бүтээл нь гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт эртний улсуудын нийгмийн байгууллын судалгаанд Монгол орны байгаль, газарзүйн хүчин зүйлийг харгалзсан судалгааны үр дүнгүүдийг багтаасан. Тухайлбал, Монгол нутаг дахь бэлчээрийн мал аж ахуйн экологийн зохистой нутаг ба цаг уурын нөхцөл нь төрийн байгуулалд нөлөөлсөн тухай, Алтай, Хангай зэрэг томоохон уул, нуруудын тогтоц, нутгийн тогтмол салхи, Төв болон Дорнод монголын тэгш тал нутаг, Алтай нурууны өндөр уулын бүс нь нийгэм, аж ахуйд хэрхэн нөлөөлдөг, уг нөлөөллийн улмаас монгол нутагт байгуулагдсан эртний улсуудад төрийн байгуулалтын “Хоёр гар”-ын тогтолцоо төлөвшин тогтсон асуудлыг нягталсан хоёр өгүүлэл, мөн нүүдэлчдийн нийгмийн байгууллыг Марксист онол болон Нийгмийн хувьслын онолын хүрээнд төрлийн холбоонд суурилсан ураг төрлийн нийгэм хэмээн тайлбарладаг хэвшмэл ойлголтыг Түрэгийн үеийн нийгмийн байгууллын судалгаанд дахин эргэж харах боломжийн тухай өгүүллүүд багтлаа.
Хоёрдугаар хэсэгт эртний улсуудын мал аж ахуйн судалгааг голлон хөндсөн. Хүннүгийн мал аж ахуйн судалгааны зарим асуудлыг хөндөхийн зэрэгцээ хятад сурвалжаас сяньби нарын мал аж ахуй, ан гөрөө түүнийг дагасан соёлын талаар судалсан, Жужаны үеийн төмрийн үйлдвэрлэл явуулж байсан газар орныг хайж сурвалжилсан, Түрэг, Уйгарын үеийн мал аж ахуйн асуудлыг руни бичгийн дурсгалаар нягталсан өгүүллүүд багтсан болно.
Гуравдугаар хэсэгт нүүдэлчдийн “хот суурин”-ы асуудлыг хөндлөө. Сүүлийн хэдэн арван жилийн археологийн судалгааны дүнд монгол нутагт байгуулсан эртний “хот суурин”-ы дурсгалууд хэдэн зуугаар тоологдох болсон нь “цэвэр нүүдэлчид” гэхэд ч эргэлзэхэд хүргэж байна. Энэ нь нүүдэлчдийн төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо дахь “хот суурин”-ы асуудлыг дахин авч үзэхийг шаардах болжээ. Тиймээс бид энэ бүлэгт нүүдэлчдийн хот суурины тухай ойлголт, хот суурины ангилал, үүрэг зориулал, нүүдлийн нийгэм дэх суурьшлын асуудал зэрэг үндсэн сэдвүүдийг нягтлан үзэхийг зорьсон.
Ким Фупс Оакесон, Эва Эриксон “Миний өвөө сүнс болчихжээ”

Эрхлэн гаргасан: Garuna publishing
Бяцхан Эрикийн хамгийн хайртай хүн болох өвөө нь гэнэт нэг л өдөр нас барчихав. Ээж нь өвөөг тэнгэрийн элч болно, харин аав нь хөрс шороонд шингэнэ гэж хэлжээ. Гэвч Эрик эдгээр үгсийг ойлгож чадахгүй, гунигласаар л байлаа. Оршуулгын орой, Эрик өвөөгөө өөрийнх нь өрөөнд хувцасны шургуулга дээр сууж байхыг олж харна. Хэн ч түүнд өвөөг нь эргэж ирнэ гэж хэлээгүй. Харин өвөөгийнх нь уншиж өгдөг байсан номд “Хүн энэ хорвоод ямар нэгэн зүйл мартсан л бол сүнс болж эргэж ирдэг” гэж бичсэн байлаа. Тэгвэл өвөө нь юу мартсан юм бол? Эрик өвөөтэйгөө хамт хайж эхэлнэ...
Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхээр хүүхдэд үхэл хагацал, хайртай хүмүүс нь мөнх бус хэмээх хөндүүр сэдвийг зөөлөн, уран сайхны хэлээр ойлгуулахыг зорьжээ.
У.Бямбаням “Дурсамжийн газрын зураг”

Хэлмэгдүүлэлтийн түүхүүд, байцаагчдын тэмдэглэлийг уншихад нэг сэтгэгдэл төрсөн. Жишээ нь, миний гар дээрх сорвийг хүн яачихсан юм бэ гэж асуувал би юу болсон үйл явдлыг л ярина. Харин сонсож байгаа хүн тэрхүү хутгаар исгэчихсэн гэх өвдөлт, шархны хөндүүр, цусны үнэрийг мэдэрч чадахгүй. Бид хэлмэгдүүлэлтэд яг л ингэж ханддаг юм билээ. Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг ярианы хачир болгоод хаа нэгтээ дурдаад өнгөрдөг, тэр үед тэгдэг байсан юм билээ гэх төдий. Гэтэл энэ бол оюун санааны хувьд ч тэр, бие махбодын хувьд ч тэр дааж давшгүй, асар их шаналлыг туулсан нэг хүний үхэл төдийгүй хэдэн үеэрээ туулсан шаналал байгаа байхгүй юу.
Тэгэхээр тэр олон мянган хүний амийг зольсон тэр өвдөлтийг дахин давтахгүйн тулд бид жаахан ч болов мэдэрч ойлгох сон гэх бодол төрсөн. Номоо анх бичих явцад ер нь хэлмэгдүүлэлтийн сэдэв арай бага, Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлд голдуу төвлөрсөн байсан. Гэтэл бичих явцдаа хэлмэгдүүлэлтийн түүхийг нэлээн дэлгэрүүлээд, бараг тал хувийг нь болгосон. Учир нь, энэ л миний гаргаж ирэх ёстой, хүмүүст хүргэх ёстой дуу хоолой юм байна гэдгийг тэгэхэд мэдэрсэн юм уу даа. Миний анх өөрийгөө олох гээд хайж явсан зам маань улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан байхгүй юу. Тэгэхээр би илүү зоригтой, хүчирхэг болсон гэсний шалтгаан нь би хувь хүний гэхээс илүүтэй улс орон гэх өргөн утгын өмнөөс бодож, тунгааж, шаналж, тэр бүхнийг дүрслэхийг хичээсэн …
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж уншина уу.
Садэх Хедаяат “Сохор шар шувуу”

Эрхлэн гаргасан: AUM Publishing
Орчуулагч: Б.Минжбадамгарав
Утга зохиолын өнөө цагийн дүр төрх ямар хэлбэр, өнгө аястай байгааг тодорхойлохын тулд судлаачид ихэвчлэн нэг зохиолыг жагсаалтдаа заавал багтаадаг. Мэдээж техник технологи, хөгжил дэвшлээс хайсан ирээдүйн боломжуудын талаарх зөгнөлт уран зохиолоос гадуур гэсэн үг шүү дээ. Тэрхүү зохиол бол XX дугаар зууны Ираны хамгийн нөлөө бүхий зохиолч Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” тууж юм.Уг бүтээлийг гол дүрийн үхлийн өмнөх эргэцүүлэл буюу амиа тэвчихээс урьтаж цааснаа буулгасан наманчлал хэмээн тодорхойлж болно. Тэгээд ч гол дүр буюу туужаас сонстох дүрийн дуу хоолой өөрийн нэрийг ч уншигчдад танилцуулдаггүй. Түүний төрхийг тодорхойлчих үг үсэг, өгүүлбэр үгүй. Амьдралын тодорхойлсон зорилго, ирээдүйн талаарх зөн, мөрөөдөл, хүслийн илбэ түүнд хөөсний адил үнэ цэнгүй.
Г.Алтансүх “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гурвалсан бүтээл

Эрхлэн гаргасан: Чингис хааны өв, соёлын хүрээлэн
Дундад зууны монгол хүний нэр нь тухайн цаг үедээ болон орчин цагт ч түүхчид, хэл бичгийнхний сонирхлыг татсаар ирсэн сэдэв байв. ”Монголын нууц товчоо”-ны зохиогчоос эхлээд Рашид-ад Дин, Абул Гази баатар хан, Саган Сэцэн тэргүүтэй түүхчид өөрсдийн бүтээлдээ дундад зууны монгол хүний нэрийн утга, бэлгэдлийг тодорхой хэмжээнд тайлбарлаж ирсэн бол тусгайлан судалсан эрдэм шинжилгээний бүтээл XIX зууны дунд үед бичсэн Дорж Банзаровын “О Происхожденiи Слова Чингисъ” хэмээх өгүүллээр эхэлдэг.
Дундад зууны монгол хүний нэрийн судалгааны өгүүллүүдийг эмхэтгэлд 120 гаруй өгүүллээс 35 зохиогчийн 39 өгүүллийг сонгон авч, тухайн өгүүллийг уг эхтэй нь үг, үсгийн зөрүүгүй хэвлэхэд анхаарч ажиллажээ. Эдгээр өгүүллийг сонгон авахдаа судалгааны үнэ цэн, ач холбогдол, судлаачдын гарт олдохуйяа бэрх болсон байдлыг харгалзсан ажээ.
Дундад зууны монгол хүний нэрийн урьдын судалгаанууд нь арга зүйн хувьд дундад зууны монгол хүний нэрийн бүтцийг язгуур + бүтээвэр (N+d) гэж хуваан үзэж гүнзгийрүүлэн судлах боломжтойг харуулж буй тул зохиогчид мөнхүү судалгаагаа уг аргаар хийхийг зорьсон байна. Тэгэхдээ дундад зууны үеийн түүхэн сурвалжуудад гарч буй хүний нэрийн дунд хамгийн багадаа таван удаа давтагдаж буй дагаврыг өгүүлэн буй үеийн хүний нэрийн идэвхтэй хэрэглээтэй залгавар бүтээвэр гэж үзжээ. Түүнчлэн дундад зууны үеийн хүний нэрийн дан бүтэцтэй нэрийн судалгаа ба бусад холбогдох судалгаануудыг нэгтгэн оруулснаараа онцлог.
Б.Инжинааш “Glimpse of us”

Гэрэл зурагчин Б.Инжинааш анхны номоо Япон улсад хэвлүүлжээ. Уг ном 2008-2023 оны хооронд авсан түүний 141 гэрэл зургаас бүрдэх аж.
Мүраками Харүки “Хот ба түүний Хийсгэлэн хана”

Эрхлэн гаргасан: Монсудар
Орчуулагч: С.Оюунбилиг
Дэлхий даяар хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг болох Мүраками Харүкигийн хамгийн сүүлд бичсэн "Хот ба түүний Хийсгэлэн хана" роман нь зохиолчийн тархийг урт удаан "гашилгасан" нь гэж хэлж болно.
31 насандаа эхлүүлсэн эл зохиолоо бүрэн бүтэн болгох мөч зохиолчийн 71 насанд тохиожээ. Зохиолын хүүрнэгч эзэн, “зүүд уншигч” эр бага залуудаа нэгэн охинд дурлаж буйгаар зохиол эхэлнэ. Харин тэр нь өөрийг нь нэг насаар тарчлаах дурсамж болон хувирахыг зүүд уншигч эр яахан мэдэх билээ.
Энэхүү романд ч япон зохиолчийн уран бүтээлийн салшгүй шинж чанар болох ганцаардал тусгаарлал, хүний сэтгэлийн гүнд далдлаастай байдаг нууцуудын судалгаа шинжилгээ нь үргэлжилж буй. Бусад зохиолынх нь нэгэн адил уншигчид энд ч бодит байдал, уран сэтгэмж хоёрын хил зааг уусан нийлсэн, учир битүүлэг, хамаг сэтгэл санааг уусган татах ертөнцөөр аялах болно.
Я.Баяраа “Луугийн зүрх”

Эрхлэн гаргасан: Долоон ОД хэвлэлийн газар
Яруу найрагч Я.Баяраагийн шилмэл шүлгийн түүвэр хэвлэгджээ.
“Хөх мэдрэхүй” бүлгэмийн найрагч тэрбээр "Нэг урлаг", "Цөн", "Таслал", "Бороонд норсон Чeхов" зэрэг номуудаараа уншигчдын хэдийн танил болсон зохиолч билээ.
Б.Энхжаргал “Дуусдаггүй Худалч ном”

Эрхлэн гаргасан: Болжмор
Хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргалын саяхан гаргасан “Дуусдаггүй Худалч ном” хүүхэд гэр бүлд дуусдаггүй яриаг өрнүүлж буй сурагтай. Учир нь зохиолчийн өрнөл хүртлээ бичээд орхисон энгийн, сонирхолтой, хөгжилтэй түүхийг хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө үргэлжлүүлэн бичиж, зурахдаа бодож төсөөлөх, ярих, бичих, зурах гээд олон бүтээлч үйлийг өрнүүлэх боломжтой ажээ.
“Төсөөлөл бол хүч: Төсөөлөл мэдлэгээс илүү” гэж нэр эрдэмтний хэлсэн үзэл санааг унших, бичих, зурах үйлтэй холбох нь хүүхэд насаа жаргалтай өнгөрөөх, уран төсөөллийн ертөнцөд умбах боломжийг олгосон бүтээлч ном төржээ.
Юваль Ной Харари “Nexus: Чулуун зэвсгийн үеэс хиймэл оюун хүртэлх мэдээллийн сүлжээний товч түүх”

Эрхлэн гаргасан: Монсудар
Орчуулагч: Ц.Оюумаа
Мэдээллийн сүлжээ биднийг хэрхэн энд авчирсныг авч үзэхийн тулд Nexus хүн төрөлхтний түүхийг урт линзээр харсан билээ. Чулуун зэвсгийн үеэс эхлэн Библийг ариун ном болгох үйл, хэвлэлийн нээлт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжил, популизмын саяхны сэргэлтээр дамжуулан Юваль Ной Харари мэдээлэл ба үнэн, хүнд суртал ба домог зүй, мэргэн ухаан ба эрх мэдэл хоорондын нарийн төвөгтэй хамаарлыг болгоон тунгаахыг биднээс хүсжээ.
Тэрээр Ромын эзэнт гүрэн, Католик сүм, Зөвлөлт Холбоот улс зэрэг тогтолцоо сайн болон саар зорилгууддаа хүрэхийн төлөө мэдээллийг хэрхэн ашиглаж ирснийг судалсан байна. Мөн хүний бус оюун ухаан оршин тогтнолд маань заналхийлж байгаа тул бидэнд тулгараад буй хойшлуулшгүй сонголтуудыг ч тодорхойлсон аж. Зохиогч чухам ямар сонголтуудыг тодорхойлсныг та Nexus номоос олж мэдээрэй.
"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын түүвэр

Эрхлэн гаргасан: Unread
Сайн дарс хугацаа өнгөрөх тусам үнэтэй болдог шиг сайн ярилцлага ч мөн он цаг улирах тусам улам үнэ цэнтэй болсоор байдаг. “Unread” редакц 10 жилийн ойгоо угтан “Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагаасаа онцлох дугааруудыг түүвэрлэн хэвлүүлжээ.
Ингэхдээ зочин бүр “20 настай өөртөө өгөх зөвлөгөө”-гөө өөрийн гараар бичиж илгээснийг мөн багтаасан байна.
Тина Озиевицз “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?”

Эрхлэн гаргасан: Жангар
Орчуулагч: Ц.Оюумаа
Бага насны хүүхэд өөрт төрж буй мэдрэмжээ тоглоомоо шидлэх, урвайх, дуугаа хураах, үгүй бол чанга орилох, газар тэрий хадан унаж тийчгэнэх зэргээр голдуу үйлдлээр илэрхийлдгийг хүн бүр л мэдэх байх. Энэ үед аав ээжүүд хамаг л аргаа бардаг. Ойлголцоогүйгээс хатуурхаж байгаа нь ч харагддаг. Үнэндээ хүүхэд мэдрэмжээ таних, ямар үгээр илэрхийлэх тал дээр туршлага огт байхгүй учраас л ингэж буй хэрэг.
“Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь мэдрэмж илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг тухай” та сонсож байсан уу? Хүүхэд тань мэдрэмжээ үгээр илэрхийлээд сурчихвал хэчнээн амар байх бол. Та оролдоод үзээрэй. Энэхүү ном таныг хөтлөх болно. Харин та эхлээд үйлдлийг нь ярилцаад дараа нь мэдрэмжийг илэрхийлдэг үгийг хэлж өгнө гэдгээ мартав аа. Хүүхэд бүрийн үйлдэл, мэдрэмж ялгаатай байдгийг ч бас анхаараарай.