Өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд Туркийн Истанбулд дайныг зогсоох талаар ОХУ, Украины хэлэлцээр болох ёстой байлаа. Энэ хэлэлцээрийг Оросын тал санал болгосон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэнээр Истанбулд бэлтгэл ажил эхэлсэн билээ. Украины Ерөнхийлөгч Зеленский зөвхөн Путинтэй л хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин очоогүй. ОХУ-ын тал Истанбулд хэлэлцээр хийх багийг Ерөнхийлөгчийн туслах, Зохиолчдын эвлэлийн дарга Владимир Мединскийгээр ахлуулсан байлаа. Тус багт ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Галузин М.Ю, Зэвсэгт хүчний Жанжин штабын Төв удирдлагын дарга Костюков И.О, БХЯ-ны дэд сайд Фомин А.В нар багтжээ. Мөн БХЯ, ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дөрвөн шинжээч орсон байна.

Туркт очоод байсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын багийн бүрэлдэхүүнийг голсон. Тэрээр Путинд “Би хүлээсээр” гэсэн хоёрхон үг хэвлэлээр дамжуулан дайгаад Оросын багийн түвшинд тохирох багаа Истанбулд илгээжээ.

Украины төлөөлөгчдийг БХЯ”ны сайд Рустем Умеров тэргүүлж байна. Зеленскийн хэлснээр Умеров украин, орос, англи, турк хэлтэй тул баг ахлахад яг тохирох гэнэ. Мөн бүрэлдэхүүнд ГХЯ-ны дэд сайд, НҮБ дахь Украины элчин асан Сергей Кислица, Тагнуулын газрын дэд тэргүүн Вадим Скибицкий, Аюулгүй байдлын албаны дэд дарга Александр Поклад, Сөрөг тагнуулын газрын даргын нэгдүгээр орлогч Олег Луговской, Жанжин штабын даргын орлогч Алексей Шевченко болон цэрэг, дипломат албаны төлөөллүүд багтсан.
Харж байгаачлан хоёр тал голдуу дэд сайд, орлогч нараа илгээсэн нь хэлэлцээр амжилт олох эсэхэд эргэлзэл төрүүлж байгаа юм.
Гадаадын хэвлэлийн мэдээллээс үзэхэд өнөөдөр ОХУ, Украин, Туркийн гурван талт хэлэлцээр эхлэх учиртай.
Украины тал энэ хэлэлцээрээр зөвхөн 30 хоног гал зогсоох талаар хэлэлцэх зорилготой, даалгавартай ирсэн. Харин ОХУ-ын тал “дайн эхэлсэн анхны шалтгаан”-ыг арилгах гол зорилготой гэж байгаа. Ингэхээр тохиролцох, энх тайван тогтоох найдвар тун бага байгаа юм.