Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. Японы өдөр тутмын “Майничи шимбүн” сонин энэ талаар нийтлэл гаргажээ.

Миягино ояката гарсан нь Сүмогийн ертөнц хямралд орсныг харууллаа
Миягино оякатагийн шийдвэр сүмо бөхийн ирээдүйг маш томоор өөрчлөх шийдвэр байлаа. 45 түрүү гэх түүхэн рекорд амжилтаас гадна тэрээр сүмо бөхийг шимтэн судалдаг, суралцдаг, үнэхээр хичээнгүй нэгэн байсан юм.
Жинхэнэ сайн мэргэжилтэн багш болох байсан ояката гарч одсонд түгшүүрийн харанга дэлдэх хүн цөөнгүй байна. Миягино ояката барилдаж байх үеэсээ л хойч үеэ бэлтгэх нөр их хүсэл, тэмүүлэлтэй нь харагдаж байлаа. Тав дараалан түрүүлсэн, ид үедээ буюу 2010 оны 12 дугаар сард өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнийг санаачлан, зохион байгуулж ирсэн билээ. 2016 онд зургаа дахь удаагийн “Хакүхо Цом” тэмцээний бага ангийн төрөлд шинэ ёкозүна Ооносато түрүүлэх зэргээр ирээдүйтэй, шилдэг сүмоч гаргах үүд хаалга нь болж байсан юм. 2012 оны үеэс өөрөө шавь хайж, орон нутгаар яван, Ишиүра, Энхо зэрэг бөхчүүдийг сүмод оруулж байв.

2015 онд 30 настай байхдаа Хакүхо залуу бөхчүүдийн талаар “Мэргэжилд ороод эхний 3-4 жилдээ би сайжирч, дээшилж чадна гэдэг итгэлтэй болоосой гэж хүсдэг. Анхнаасаа л хүчтэй, ур чадвартай хүн гэж үгүй. Надад ч тийм үе байсан. Өөрийнхөө сул талыг хэр хурдан олж мэдрэн, засаж явахаас их зүйл шалтгаалдаг” гэж ярьж байлаа.

Монголоос 15 настай Японд ирэх үедээ тэр 62 кг жинтэй жаахан хүү байсан. Тэр бяцхан хүү харь орны үндэсний бөхөөр оргилд хүрж чадсан нь гайхамшиг. Ёкозүна болсон хойноо ч Хакүхо өглөөний бэлтгэл дээр алгасахгүй үндсэн дасгалуудаа хийж, хөлсөө асгаруулсаар байдаг байлаа.
Ишиүра, Энхо хоёр ч анх мэргэжилд орж байсан үеийн хүсэл, тэмүүллээ марталгүй, залхууралгүй, хичээн зүтгэсээр жижигхэн биетэй ч дээд зиндаад дэвшиж чадсан билээ.
Миягино ояката шинэ юм сурах хүсэл, эрмэлзэл дүүрэн, шинийг сурахдаа нүд нь гялалздаг тийм л хүн байсан.

Өрсөлдөгчөө мэх хийхийг хүлээж байгаад босож байгаа мэт харагдав ч тачиай дээр өрсөлдөгчөө давамгайлах ёкозүна барилдаан. 69 дараалан давсан түүхэн амжилтын эзэн Фүтабаяма ингэж барилддаг байсныг сонсоод тэрээр зодог тайлах хүртлээ тэгэж л барилддаг байсан.
“Өөрийн арга барил, хэв маягийг бүтээх нь ёкозүна. Хамгийн гол нь өдөр тутмын бэлтгэл” гэж тэр хэлж байлаа.
Түрүүлсэн тоо, нийт даваагаар түүхэн амжилт тогтоосон ч Хакүхо өмнөх үеийнхээ жишээн дээр өөрийгөө хурцалсаар, төгс болгосоор байсан.
Тэгвэл одоогийн сүмочид дотор сүмогийн түүхийг огт сонирхдоггүй бөх олон. Дээд зиндааны нэгэн бөх “Би сүмо сайн мэдэхгүй. “Sanctuary” гэдэг кино л үзсэн” гэж ярьж байхыг харж байлаа.

Миягино оякатагийн зарим үг, үйлдэл маргаан дагуулж байсан ч тэрээр уламжлал, ёс зүйг эрхэмлэдэг сүмогийн ертөнцөд өөрийн гэсэн арга барилаар дасан зохицохыг хичээсэн. Энэ удаагийн түүний шийдвэр сүмо ертөнцийг цаашид авч явах ёстой байсан бас нэг хүн гараад явлаа гэсэн үг.
Олон сайн бөх гаргаж байгаа оюутны сүмогийн нэгэн дасгалжуулагч “Жинхэнэ их аварга гэж хүндлэгддэг хүн явна гэдэг сүмо бөхөд маш хохиролтой зүйл. Миягино дэвжээнд оруулья гэж бодож байсан шавь надад байлаа” гэж харамсаж байгаа нь нэгийг өгүүлнэ.
Өөрийг нь давсан, хүчирхэг шавь гаргах мөрөөдөлтэй байсан Хакүхо харин тун ирээдүйтэй гэгдсэн шавийнхаа балгаар ийнхүү сүмог орхих боллоо. “Ирээдүйн Хакүхо”-г төрүүлэх гэсэн хүсэл нь биелэхгүй болжээ.