UBLife Logo
Спорт

3х3 ДАШТ-д гялалзах ёстой 4 тамирчин

3х3 ДАШТ-д гялалзах ёстой 4 тамирчин

Эрч хүч, хэмнэл хурдаараа үзэгчдэд уйдах зав олгодоггүй 3х3 сагсан бөмбөг алдар нэрээрээ “ах” сагсан бөмбөгөө даван гарах дөхсөөр байна. Орон сууцны гаднах жижигхэн самбараас олимпын төрөл болтлоо хөгжсөн 3х3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээн манай нийслэлд болох гэж байна. Эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025”, эрэгтэйчүүдийн “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээнээс гадна ДАШТ-ийг хүлээн авах сайхан мэдээ спорт сонирхогчдыг баярлууллаа. Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын олимпын төрлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулна. 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д нийт 27 орны 40 баг оролцохоор болжээ. Энэ 40 баг дотор дэлхийн бүх одод бий.

ДАШТ-ий онцлох 4 тамирчин

“Кадр” О.Энхбаатар

3х3 сагсан бөмбөгийн гол онцлог нь нэг тамирчин олон үүрэгтэй. Тэгэхээр холбогч, хамгаалагч, төв гээд хаана ч тоглож чаддаг, универсал тоглогч чухал шаардлагатай. Хар ажил, хамгаалалт хийхээс залхуурдаггүй, хэрэгтэй үед самбарт үсэрч, нээгдвэл огт сандарч тэвдэлгүй холоос шидэж, зоолттой хийдэг тийм тамирчин бол “Кадр” хэмээх О.Энхбаатар. 2016 онд МУИС-ийн бизнесийн сургуулийг дүүргэж, ХХБ-нд ажиллаж байсан тул толгой тун сийрэг. Талбайг тэр чигээр нь харж, эсрэг багийнхаа довтолгоог урьдчилан уншиж чадна. Хачирхалтай нь тэр их сургуульд элсэхээсээ өмнө сагсан бөмбөг огт тоглодоггүй байжээ. Хожуу ч гэсэн сагсан бөмбөг тоглож эхэлснээ тэр амьдралынхаа хамгийн зөв шийдвэр гэж үздэг. Харин тэр шийдвэр нь Монголын спортод тун хэрэг болж байгааг “Кадр” энэ ДАШТ-ээр харуулах болно. Гадаадаас Коби Брайант, дотоодоос Г.Баттөр, Д.Дэлгэрням нарыг хүндэлдэг гэж байгаа.  

      

“Маэстро” Деян Майсторович

Дэлхийн чансааны гуравт жагсаж байгаа Майсторович энэ ДАШТ-ий хамгийн хурц оддын нэг. Олимпын хүрэл медальт, дэлхийн 5 удаагийн аварга тэрээр Улаанбаатарт зургаа дахь алтан медалиа авахаар иржээ. Ур чадвар, ухаалаг сайхан тоглолтоороо Деян “Маэстро” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Бүх багт довтолгооны хоёр дахь хувилбар бий. Тоглолтыг байнга авч явах гэж оролддоггүй, гэхдээ хэрэг гарсан цагт, багийн гол тоглогчийн шидэлт, тоглолт болохгүй байх мөчид гарч ирээд ялалт авчирдаг тоглогч хэрэгтэй. Деян яг л ийм тамирчин. Тэр багийн гол од байгаагүй ч одоо домогт Душан Булут эзгүй энэ үед жинхэнэ лидер болоод байгаа. Ганцаараа ялалт авчрах чадалтай тамирчин. Энэ сарын 15-нд Австрид өндөрлөсөн “World Tour Vienna 2025” тэмцээний шилдэг тоглогч.

“Mongolian Bull” Д.Дэлгэрням

Эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх Монголын шигшээ багийн онцлох тамирчин бол яах ч аргагүй Д.Дэлгэрням. Түүний хүч чадал, хэнд ч бярдуулдаггүй нь самбар доорх өрсөлдөөнийг манайд илүү ашигтайгаар эргүүлдэг. Манай баг ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч байсан нь хамгийн том амжилт. Тэгвэл одоо энэ амжилтаа ахиулах хамгийн том боломж ирээд байна. Нутгийнхаа дэвжээн дээр, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ДАШТ-д тоглоно гэдэг хэр барагтай олдох хувь заяа биш. Монголчууд яагаад 3х3 сагсан бөмбөг сайн тоглодог вэ? Бид хэт өндөр биш, хэт намхан биш, харин бид овсгоотой, хурдан, хүчтэй, бяртай болохоор сагсан бөмбөгийн энэ төрөлд амжилттай байгаа билээ. Тэгвэл энэ багийн гол бяр нь Д.Дэлгэрням, овсгоо самбаа нь мөн тэр. Хоёр метр хол өндөртэй, 100 кг давсан жинтэй сагсчдыг тараан шидэж байгааг нь хараад FIBA-гийн тайлбарлагч “Mongolian Bull” хэмээн дуу алдаж байсан түүхтэй.

“Голландын бахархал” Уорти де Йонг

Хурц тод удирдагчгүйгээр 3х3 сагсан бөмбөгт амжилт олохгүй гэдэг нь хэдийн батлагдсан зүйл. Дасгалжуулагчгүй өрсөлддөг энэхүү төрөлд бүрэлдэхүүндээ эгзэгтэй мөчид тоглолтыг гартаа авч чадах лидертэй байх нь маш чухал. Ийм удирдагч бол Де Йонг юм. Парисын олимпын аварга тэрээр хоёр настайдаа Суринамаас Нидерландад нүүж ирсэн. Аав нь хүүдээ АНУ-ын алдарт сагсчин Жеймс Уортийн нэрийг өгчээ. Хүү итгэлийг алдсангүй, сагсан бөмбөгч болж, ЗЗ Лейден багийн домог болсон юм. Түүний 6 дугаарыг мөнхөлж, цэнгэлдэхэд түүний нэрэмжит суудал бий.

Гэхдээ энэ бүхэн 5х5 сагсан бөмбөгийн яриа. Де Йонг 2022 онд зодог тайлаад жижиг сагсан бөмбөгт буцалтгүй шилжсэн. Парисын олимпын нээлтийн ёслол дээр Нидерландын багийн тугчаар ажилласан гэхээр Де Йонг эх орондоо ямар их хүндлэгддэг, хайрлагддаг вэ гэдэг нь шууд ойлгогдоно. Олимпын финалд түүний холын зайн шидэлт аваргын алтан медалийг Нидерландад авчирч өгсөн юм. Тэрээр “3х3 сагсан бөмбөг бол шатраас дутахгүй толгой шаарддаг спорт. Би сагсан бөмбөгийг хөлбөмбөгөөс илүү сонирхолтой гэдгийг батлан харуулах болно” гэж ярьж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.