UBLife Logo
Урлаг

Уур амьсгалын өөрчлөлтийг урлагаар тольдох нь

Ub.life
Ub.life
Уур амьсгалын өөрчлөлтийг урлагаар тольдох нь

Төгсгөл нь үл харагдах тэнгэр, бараантан бүдэгрэх уулс, газрын өнгийг шингээсэн говийн хөрсөнд энэ зун олон орны уран бүтээлчид алхаж, ажиглаж, сонсож, бүтээл туурьвах гэж байна. Байгаль, хүн, цаг хугацааны тухай эргэцүүлэл, уулзалт, бүтээлээр дамжуулан ярилцдаг “Нүүдэлчин ухаан” олон улсын хөтөлбөр 2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн Монгол дахь салбарын санаачлагаар, Австри, Франц, Финланд, Герман болон Монголын соёлын байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоог урлагаар дамжуулан нэмэгдүүлэхийг зорьдог.

2024 онд Дэрэн суманд хэрэгжсэн эхний хөтөлбөр орон нутгийн иргэд, хүүхдүүд, олон улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл, яриа, аяллаар дамжин байгаль орчныг тольдох, дотооддоо тусгах, дуу хоолойгоо нэмэгдүүлэх боломжуудыг бий болгосон. Энэ жил тэр өнгө аясыг үргэлжлүүлэн, илүү өргөн хүрээнд, илүү олон орны оролцоотойгоор зохион байгуулах гэж буй нь онцлог юм.

Улаанбаатар хотоос урагш 200 км-т, говь, тал хээрийн заагт орших Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим хүн амьдардаг. Гэвч тэдний амьдрал уур амьсгалын өөрчлөлт, ган зудын нөлөөг хамгийн түрүүнд мэдэрч, байгальтайгаа илүү ойр, хамааралтай оршдог билээ.

Нүүдлийн соёл, орчин үеийн урлагтай уулзах цэг

2025 оны хөтөлбөрт 5 орны нийт 121 уран бүтээлч өргөдөл ирүүлснээс дараах найман уран бүтээлч сонгогдон оролцохоор болсон. Эдгээр уран бүтээлчид урлагийн төрөл бүрийн чиглэлээр ажилладаг, улс бүрийн өвөрмөц сэтгэлгээ, мэдрэмжийг тээж ирсэн хүмүүс юм.

Финляндын уран бүтээлч Элина Холли нь ханын уран зураг, иллюстраци, дизайны чиглэлээр мэргэшсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хэрэглээний тухай энгийн мөртлөө гүнзгий дүрслэлээрээ эх орондоо танигдсан нэгэн билээ. Энэ удаад сумын гадаах орон зайд ханын уран зураг орон нутгийн иргэдтэй хамтран бүтээхээр ирээд байна.

"Flora"

Францын уран бүтээлч Фред Мартин уран баримал, гэрэл зураг, үйлдлийн урлаг, сийлбэр төрлөөр байгалийн материал, хүний хөдөлгөөн, орон зайн уялдааг чадварлагаар илэрхийлдэг. Энэ талын арвин их туршлагаа ашиглан сонирхолтой, эрэл хайгуулч бүтээлийг хамтран бүтээх болно.

L'éveillé

Австрийн уран бүтээлч Линус Риплер баримал, инстоляц чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд байгаль орчны орон зайн сэтгэлзүйн нөлөөг гүнзгий тусгасан бүтээлээрээ танигдсан. Олон төрлийн материал арга барилыг ашигласан бүтээлээр сумын гадаах орон зайд нутгийн иргэдтэй хамиран бүтээл туурвихаар төлөвлөж байна.

Германы кино, стоп моүшн уран бүтээлч Маркус Гришзок документал, урлагийн видео бүтээлээр дамжуулан орон нутгийн дүр төрхийг дүрсжүүлж, хүүхэд залуус, сонирхсон хэн бүхэнд арга барилаасаа заан сургахаар бэлдээд байна.

Лэнд арт, уран зургийн чиглэлээр нөр их туршлагатай уран бүтээлч Р.Чинзориг байгалийг ойлгох монгол ахуйн сэтгэлгээг орчин үеийн урлагаар тайлбарлах өвөрмөц арга барилтай нэгэн. Энэ удаад сумын байшин дээрх ханан дээр өөрийн өвөрмөц бүтээлийг туурвих болно.

"Мэлмий" стрийт арт

Биеийн хөдөлгөөнөөр байгальтай хэрхэн "ярьж" болохыг эрэлхийлж, харуулж чаддаг орчин үеийн бүжгийн уран бүтээлч Г.Мишээл өөрийн бас нэгэн бүтээлээр түүх, мэдрэмжийг өгүүлэхээр бэлдэж байна.

Photo by: Adrian Villagomez

Баримал, лэнд арт чиглэлээр ажиллаж, байгаль, төмөр, шороо, мод зэрэг түүхий эдээр дамжуулан гүн үзэл санаа бүтээдэг М.Мөнх-Эрдэнэ энэ удаад сумын эргэн тойрон дахь орон зайгаас олж авсан эд материал, төмөр зэргээр сонирхолтой, гүн гүнзгий санаа агуулсан бүтээлийг туурвих болно.

"Савдаг"

Уран зураг, инстоляц чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч Ц.Солонго байгалийн өнгө, бүтцийн нарийн мэдрэмжийг бий болгож чаддагаараа онцлогтой. Тэрээр энэ удаа сумын хүүхэд багачуудтай хамтран маш сонирхолтой нэгэн бүтээлийг хийхээр бэлдээд байна.

"Заримдаг хүмүүс"

Эдгээр уран бүтээлчид орон нутгийн малчидтай уулзаж, тэдний байгальтай харилцах уламжлалт мэдлэгийг сонсох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг өөрсдийн нүдээр харж мэдрэх аялалд гарсан билээ. Үүний дараа тэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газар дээр нь байгаль болон дахин боловсруулсан материалыг ашиглан хамтын уран бүтээл туурвихаар бэлдээд буй бөгөөд Цагаандэлгэр сумын иргэд, хүүхэд багачуудыг нээлттэйгээр оролцон, нэгэн хэсэг нь болохыг урьж байна.

Хөтөлбөрийн куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны үүсгэн байгуулагч, олон улсын хөтөлбөрүүдийг удирдан ажилласаар ирсэн Бадамгаравын Гантуяа ажиллаж байна.

Урлаг бол харилцан ойлголцлын гүүр

"Нүүдэлчин ухаан" бол зүгээр нэг уран бүтээлчдийн резиденс төдийгүй, дэлхийн асуудал бид бүгдийн асуудал гэдгийг сануулсан, урлаг, байгаль, нийгэм гурвын огтлолцлын цэгт өрнөх яриа, аялал, эргэцүүлэл юм.

Энэхүү хөтөлбөрийг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн (EUNIC) санхүүжилтээр Монгол-Францын Соёлын Төв, Монгол дахь Гёте-Институт, Бээжин дэх Финланд болон Австрийн Элчин сайдын яамд, Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо болон түүний харъяа “Нүүдлийн улаан булан” олон улсын артист резиденс хамтран хэрэгжүүлж байна.

Цаг агаарын өөрчлөлтийн бодит нөлөөг мэдрэх газар дээр нь очиж, ярих, эргэцүүлэх, урлах, оролцох боломжийг уран бүтээлчдэд олгож буй нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм. Монголын говьд бүтээж, дэлхий дахинд ярих шинэ уран бүтээлүүд энэ зуны халуунд бий болох гэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.