Орчин цагийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий зохиолчдын тэргүүн эгнээнд гарцаагүй Мүраками нэрлэгддэг билээ.
Түүний зохиолууд дэлхийн олон хэлнээ орчуулагдсаны дотор Монгол байдаг. Мүраками Харүкигийн үнэнч уншигчдад зориулсан хөгжмийн эвент саяхан зарлагджээ.
Өдгөө 76 настай Мүраками Харүкиг хөгжмийн хорхойтон гэдгийг нь хэн бүхэн андахгүй биз ээ. Жазз баарны эзнээс дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг болж хувирсан тэрбээр бүхий л бүтээлдээ нэгээр тогтохгүй хөгжим дурддаг онцлогтой.
Классикаас эхлээд жазз, блюз, рок хүртэлх асар өргөн хүрээний хөгжмийн мэдлэгээ уран зохиолд хольж, сүлж, нэгээхэн чухаг шугам-метафороо болгож байдаг нь түүний уншигчдыг тусгай Playlist үүсгэхэд хүргэдэг.
Тэгвэл Улаанбаатар хотноо, Мүраками Харүкигийн томоохон зохиолуудад дурдагддаг жазз хөгжмүүдээр амьд тоглолт зохион байгуулах гэж байна.
Тоглолтоор,
Beatles – Norwegian Wood ("Норвегийн ой" роман)
Nat King Coel – Nature Boy ("Эрэг дээрх кафка" роман)
Ella Fitzgerald – It’s only a paper moon ("1Q84" роман)
Miles Davis – Blue in Green ("Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" роман)
Thelonious Monk – Round Midnight ("Торгон цэргийн хороон даргын аллага" роман)
Billie Holiday – Solitude ("Хот ба түүний хийсгэлэн хана" роман)
Charlie Parker – чөлөөт ("Нэгдүгээр биеийн ганц тоо" өгүүллэгийн түүвэр) гэсэн хөгжмүүдийг Мүраками Харүкигийн монгол дахь уншигчдад толиуулах ажээ.
Энэхүү тоглолтод “Solongo's Jazz Banz” хамтран ажиллаж буй.
Ерөнхий зохион байгуулагч болох Монгол-Японы утга зохиолын нийгэмлэгээс өмнө нь Монгол Улсын Филармонитой хамтран, “Classic Night" тоглолтыг Мүраками Харүкигийн зохиолууд дахь сонгодог хөгжмүүдээр сорчлон үзэгчдэд хүргэсэн билээ.
Харин энэ удаагийн тоглолтын тов 6-р сарын 14-ний бямба гарагт 18:00 цагаас амьд хөгжмийн River Sound клубт зохион байгуулагдахаар зарлагджээ.
Хөгжмийг "уншиж", уран зохиолыг "сонсох" үдшийн тасалбарыг ЭНД ДАРЖ худалдан аваарай.
Муракамигийн төдийгүй хөгжмийн, уран зохиолын сонирхолтой, ер нь цаг үеийнхээ амьд, хүчирхэг бүхнийг мэдрэх сэн гэж тэмүүлдэг хэн бүхний алдаж боломгүй үдэш байх нь гарцаагүй юм.
