“Улаанбаатар Биеннал 2025”-ын хүрээнд зохион байгуулагдах 22 багц үйл ажиллагаанаас өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн “KIDS MUSEUM FEST” - хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийг онцолж байна. Дүрслэх урлагийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг хүүхдийн сэтгэлгээнд ойр байдлаар танилцуулах, урлагийн мэдрэмжийг нь хөглөн хөгжүүлэхэд анхаарч дэглэснээрээ энэ хөтөлбөр онцлог юм.



Хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр нийт 4 музей, 7 дүүрэгт Монголын 10 уран бүтээлч, олон улсын 3 уран бүтээлчид хамтран энэ сарын 7-17-нд зохион байгуулах юм.

Жишээ нь, өнгөрсөн ням гаригт зээгт наамал, холимог текник бүхий өрөг урлагийн талаар уран бүтээлч Э.Ононгуа болон Франц, Тайвань улсаас “Улаанбаатар Биеннал 2025”-д оролцож байгаа уран бүтээлчид хүүхдүүдэд сургаж, хамтдаа хичээллэжээ.



СХД-ийн 105-р сургууль дээр болсон үйл ажиллагааны үеэр уран бүтээлч нар хүүхдүүдэд өөрсдийн бүтээл, арга барилаасаа сонирхуулж танилцуулав.



Kids Museum Program Mongolia хөтөлбөрөөс тусгайлан дасгал ажлын эмхэтгэл бүхий гарын авлага бэлтгэсэн бөгөөд үүнд авьяаслаг залуу уран бүтээлчид ажиллажээ. Түүнчлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Уран зургийн галерей, Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей, Чингис хаан үндэсний музей, BlueSun орчин үеийн урлагийн төв, Art Avenue, Contemporary Art Center of Mongolia зэрэг олон байгууллага Хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр (Kids Museum Festival) төслийг дэмжин ажиллаж байна.


“Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаа энэ сарын 6-20-нд 15 хоногийн турш үргэлжилж байна. Дэлхийн 29 орноос гадаадын 300 орчим зочид оролцохоор манай нийслэлд хүрэлцэн иржээ.
Түүнчлэн урлагт хайртай хүүхэд залуусын боловсролыг дэмжих “ӨВ” сангийн хамт олон дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр (Kids Art Festival 2024, 2025), хүүхдийн номын хөтөлбөрийг (Kids Book Festival 2025) зохион байгуулж, Монгол Улсдаа олон улсын албан ёсны эрх бүхий урлагийн боловсролын хэд хэдэн шинэлэг хөтөлбөрийг үндэснийхээ онцлогт тохируулан загварчлан суурьшуулахаар Хонконг, Итали, Франц, Польш зэрэг улс орны боловсролын хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм.




