Та бүхэн энэ долоо хоногт сонин содон кино үзэж, амралтын өдрийг сайхан өнгөрүүлмээр байна уу? Тийм бол "Dreamers' Day" кино өдөрлөгийн "Cinema Paradiso" киног санал болгож байна.
Кино урлагт дурласан хүү болон тосгоны кино танхимын хөгшин механикч хоёрын халуун дотно нөхөрлөлийн тухай энэрэл хайраар дүүрэн түүх. Италийн нэрт найруулагч Жузеппе Торнаторегийн кино урлагт зориулан босгосон мөнхийн хөшөө гэж хэлж болох уг кино нь Каннын кино наадмын Гранпри шагнал, Оскарын кино наадмын Шилдэг гадаад хэлээрх кино шагналыг хүртэж байжээ. Парадисо кино театр бүтээлийг Бээжин болон Улаанбаатар дахь Италийн элчин сайдын яам, Италийн соёлын институт болон Болонийн кино архивтай хамтран албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна.
Ингээд уг киноны талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
Найруулагч Жузеппе Торнаторе уг киног өөрийн бага насны дурсамж, Сицилийн тосгонд өнгөрүүлсэн он жилүүдээсээ сэдэвлэн бүтээжээ.

Тото-ийн дүрд гурван өөр хүмүүс тоглосон ба сэтгэл хөдлөлийн шугамыг нэгэн цул болгоход тэднээс маш өндөр жүжиглэлт шаардаж байсан.
Салваторе Кашчио (бага нас)
Марко Леонарди (өсвөр нас)
Жак Перрен (насанд хүрсэн) нар бүтээсэн
Францын алдарт жүжигчин Филип Ноаре Альфредогийн дүрийг бүтээсэн ч Итали хэл мэддэггүй байсан тул Итали жүжигчин давхар дуу оруулжээ. Гэсэн ч түүний нүүрний хөдөлгөөн, нүдний харц гайхамшигтай жүжиглэлтийг илэрхийлдэг.

Киноны гол зураг авалт Palazzo Adriano гэх Сицилийн жижиг тосгонд болсон ба тус тосгон одоо ч “Кино театрын талбай” гэж нэрлэгдэж, жуулчдын хамгийн их очдог газар болжээ.

124 минутын кино театрт гарсан хувилбар, 155 минутын өргөтгөсөн хувилбар, 173 минутын Director's Cut (бүрэн хувилбар) гэх мэт хэд хэдэн хувилбарууд байдаг аж.

1960-1970-аад оны үед Телевиз, технологийн хөгжилтэй зэрэгцэн VHS, CD өргөн хэрэглээнд орж, хүмүүс гэртээ киног хялбархан үздэг болсноор кино театрын үзэгч цөөрч, олон жижиг театр хаагдаж эхэлсэн. Киноны сүүл хэсэгт Cinema Paradiso театрын барилгыг нурааж, оронд нь авто зогсоол барихаар болдог. Үүгээр соёлын өөрчлөлтийг шүүмжилсэн санаа агуулдаг.

Уг кинонд Чарли Чаплин, Жон Уэйн, Ингмар Бергман зэрэг олон домогт кино найруулагч, жүжигчдийн бүтээлийг гарган харуулдаг. Энэ нь кино урлагт хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм.
