Америкийн засгийн газар гадаад оюутнуудад виз олгохыг дахин зөвшөөрлөө. Гэвч энэ удаа виз авахад нэгэн төрлийн шинэ нөхцөл нэмэгдсэн нь олны анхаарлыг татаад байна.
АНУ олон улсын оюутнуудад зориулсан F-1 ангиллын визээ 2025 оны зургаадугаар сараас эхлэн дахин олгож эхэллээ. Гэтэл энэ удаа виз авахын тулд оюутнуудаас сошиал сүлжээний (Facebook, Instagram, TikTok, X) хаяг болон тэдгээрт оруулсан мэдээллээ заавал мэдүүлэхийг шаарддаг болсон байна.

Энэ нь АНУ-ын Консулын газрууд визийн материал шалгахдаа тухайн хүний сошиал үйл ажиллагааг хянах боломжийг олгож байгаа юм. АНУ-ын Төрийн департментаас мэдээлснээр, энэ нь терроризм, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой эрсдлээс сэргийлэх зорилготой бөгөөд зөвхөн өндөр эрсдэл бүхий тохиолдлуудад хэрэглэнэ гэж тайлбарлажээ.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд, Оюутны холбоо энэхүү шаардлагыг хувь хүний эрх чөлөө, хувийн нууцад халдсан үйлдэл гэж үзэж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

Калифорнийн их сургуулийн профессор Марта Ли: “Оюутнууд өөрийн бодлоо илэрхийлсэн жиргээ эсвэл TikTok видеоноос болж визэнд орж чадахгүй байх магадлал үүсч байна.”
Олон улсын оюутан Нура М. (Индонез): “Би АНУ-д сурах мөрөөдөлтэй. Гэвч миний сошиал орчинд нийтлэх хувийн зураг, бичлэгийг шалгаж, дүгнэлт хийнэ гэхээр айдас төрж байна.” гэжээ.
Ихэнх хүмүүсийн хувьд сошиал хаяг бол хувийн орон зай юм. Гэвч өөрийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлсэн постууд нь визийн хариунд нөлөөлж мэдэх учраас олон хүн түгшиж байгаа аж.
АНУ бол дэлхийд хамгийн олон гадаад оюутан хүлээн авдаг улс. Жил бүр ойролцоогоор 1 сая орчим олон улсын оюутан тус улсад суралцдаг. Уг шинэ шаардлага нь визийн хүлээлтийн хугацааг уртасгах, зарим тохиолдолд улс орнуудын харилцаа холбоог сааруулж болзошгүй байна.
Тиймээс АНУ-д сурахаар төлөвлөж буй оюутнууд сошиал хаяг дээрээ тавьж буй мэдээлэлдээ анхаарал хандуулах, визийн шаардлагыг сайн ойлгож бэлтгэх хэрэгтэй болж байна.