Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Биенналь”-ийн хүрээнд уран бүтээлч Х.Сүрэнгийн бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд албан ёсоор нээлтээ хийлээ. Монголын Урлагийн Зөвлөл энэ удаагийн Биенналийг 16 байршилд зэрэг зохион байгуулж, 20 гаруй улс орны 120 уран бүтээлчийн бүтээлийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлог юм.
“Дурсамжаар бүтээв” цуврал нь уран бүтээлч Х.Сүрэнгийн (Suzi) 2019 оноос эхлүүлсэн урлагийн төсөл бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн нь төслийн сүүлчийн бүлэг болон толилуулагдаж байна.
Тэрээр 20 жилийн турш хадгалсан ургамал, цэцгийн хатаамлын цуглуулгадаа тулгуурлан дурсамж, хувь тавилан, танин мэдэхүй, цаг хугацааны тухай сэдвийг бүтээлчээр эргэцүүлжээ.
Уг үзэсгэлэн нь хүртээмжтэй байдлыг онцгойлон анхаарсан бөгөөд:
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсэгтэй тайлбарууд, хүрч мэдрэх боломжтой товгор зургууд, Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлтэй тайлбар бүхий QR кодыг зураг бүртээ хавсаргажээ. Мөн ховор нандин цэцэгс, ургамлын нэршлүүдийг Монгол болон Латинаар бүтээл бүртээ тусгасан нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй урлагийн орон зайг бүрдүүлээд буй.

МУЗ-ийн тэргүүн Ч.Ганболд: “Түүний энэ үзэсгэлэн нь зөвхөн урлагийн агуулгаараа төдийгүй, хүртээмжтэй байдалд анхаарч, бэрхшээлтэй хүмүүс ч үзэж, мэдрэх боломжийг олгосон нь онцгой, нийгмийн хувьд маш чухал алхам болсон.”
Өнөөдөр би Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүн гэхээсээ илүүтэй, Сүрэнгийн ахын хувиар энд хүрэлцэн ирлээ. Дүүгийн маань гаргаж буй энэхүү үзэсгэлэн гэр бүлийн маань хувьд бахархал, урам зоригийн эх булаг болж байна.
Сүрэн маань олон жил уран бүтээлдээ үнэнчээр, тууштай хандсаар ирсэн. Урлагийн зам амаргүй, ойлгох хүн ч бий, ойлгохгүй нь ч бий. Гэвч тэр бэрхшээлээс үл хамааран үргэлжлүүлэн бүтээж байгаад нь үнэхээр баярлаж, талархаж байна.
Түүний энэ үзэсгэлэн нь зөвхөн урлагийн агуулгаараа төдийгүй, хүртээмжтэй байдалд анхаарч, бэрхшээлтэй хүмүүс ч үзэж, мэдрэх боломжийг олгосон нь онцгой, нийгмийн хувьд маш чухал алхам болсон.
Үзэсгэлэнгийн энэ хэсгийг “сүүлчийнх” гэж хэлж байгааг сонсоод би хувьдаа “уран бүтээлчийн хувьд бол энэ дөнгөж эхлэл нь” гэж бодож байна. Залуу, авьяастай, зорилготой дүү маань цаашдаа ч олон гайхалтай бүтээл туурвина гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Дүүдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүтээл нь улам ундрах болтугай.

МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл: “Сүзигийн маань уран бүтээл ямагт төгс байдаг. Энэ удаа ч мөн адил бүх зүйл нягт, нямбай, утга агуулгатай, ойлгомжтой байлаа.”
Сүрэнгийн маань "Дурсамжаар бүтээв" үзэсгэлэн нь Улаанбаатар Биенналийн сүүлийн буюу отгон үзэсгэлэн болж, манай хамт олны хувьд онцгой утга учиртай үйл явдал боллоо. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн урлагийн бүтээл төдийгүй хүртээмж, тэгш оролцоог бодитоор хэрэгжүүлсэн төгс жишээ болсон юм.
Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд ч энэхүү үзэсгэлэнг бүрэн мэдэрч, оролцох боломжтой болсонд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Урлагийг бүх хүнд хүртээмжтэй, олон нийтийг хамарсан байдлаар хүргэнэ гэдэг гайхалтай зүйл.
Сүзигийн маань уран бүтээл ямагт төгс байдаг. Энэ удаа ч мөн адил бүх зүйл нягт, нямбай, утга агуулгатай, ойлгомжтой байлаа. Үзэсгэлэнгийн төгсгөл нь Биенналийн маань төгсгөлтэй давхцаж буй нь давхар утга агуулж, бидэнд урам зориг өгч байна.
Эцэст нь хэлэхэд, Сүрэнгийн маань уран бүтээл цаашид улам ундран дэлгэрч, олон нийтэд хүрэх дуу хоолой нь улам хүчтэй байг. Хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уран бүтээлч Х.Сүрэн:
“Энэ бол миний уран бүтээлийн төгсгөл биш, харин дараагийн шатны эхлэл гэж харж байна. Шинэ бүтээлүүд маань мөн дэлгэгдэж байгаа тул сонирхон үзээрэй. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн үзэсгэлэнгээ нээсэн юм. “Энэ үзэсгэлэн зөвхөн миний бүтээл биш, надад тусалсан бүх хүмүүсийн, дэмжигч байгууллагуудын хамтын бүтээл юм. Хэрвээ та бүхний тусламж байгаагүй бол энэ хэмжээнд хүртээмжтэй байдлаар хүргэх боломж надад байгаагүй” хэмээн уран бүтээлч Х.Сүрэн онцоллоо.
Үзэсгэлэнг хэрэгжүүлэхэд “Хас Банк”, “Шунхлай ХХК”, “ub.life”, “CosyClub”, “Sound Meditation Mongolia”, “Ultimate Design”, “The Fine Arts Zanabazar Museum”, “Freya Celíne Art Cafe”, “UPTECH” болон хувь хүн, гэр бүл, найз нөхөд гэх мэт олон хүний дэмжлэг туслалцаа оролцжээ. Хүрэлцэн ирсэн зочид бүтээлийн тайлбарт хүрч мэдрэн, QR код уншуулан аудио хэлбэрээр сонсож, мөн дохионы хэлээр хүлээн авч ойшоон сонирхож байлаа.
Түүний "Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгийн сүүлчийн бүлгийг буухаас нь өмнө амжиж үзэхийг та бүхэндээ зөвлөх байна. Үзэсгэлэн 06/16-06/25-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өдөр бүр 09:00-17:30 хүртэл толилуулагдаж байна.

Нийтлэлийг бэлтгэсэн: Г.Болор