Япон Улс 2022 оноос хойш анх удаагаа цаазын ял гүйцэтгэлээ. Өнөөдөр Такахиро Шираиши хэмээх ялтныг цаазалсан бөгөөд тэрээр 2017 онд есөн хүний амь насыг хөнөөсний ихэнх нь 15-26 насны бүсгүйчүүд байжээ. Такахиро гэртээ эмэгтэйчүүдийг авчирч багалзуурдан хороогоод цогцсыг нь жижиг хэсэг болгон, хаядаг байсан юм. Түүний өмгөөлөгч нь Шираиши амиа хорлох гэж хүссэн хүмүүсийг л алж, хүслийг нь биелүүлсэн гэж хөнгөн ял оноохыг хүссэн ч Шүүх хүлээн авсангүй.
Энэ аллагын хэрэг 2017 онд илэрсэн. Токиогийн ойролцоох нэгэн хотоос цагдаа нар хүний биеийн хэсэг олсон байна. Сураггүй алга болоод байсан нэгэн охины ах нь твиттер хуудсанд нь нэвтэрч, танихгүй хүнтэй харилцаж байсныг нь мэджээ. Ингээд тэр эмэгтэйн явсан замын камеруудыг шалгаж үзэхэд хоёр давхар байшинд тулж ирсэн байна. Хаалга онгойход л цагдаа нар үнэрээр нь шууд ойлгосон гэдэг. Гэрээс жижиглэн хэрчсэн есөн цогцос олдсон бөгөөд Шираиши үнэрийг нь дарахын тулд муурын элс цацсан байжээ.
Шираиши хэргээ хүлээхдээ “Твиттер дээр амиа хорлох хүсэлтэй хүмүүстэй танилцдаг. Тэдэнд үхэхэд нь тусалъя гэж санал тавьдаг. Заримд нь хамт амиа хорлоё гэж хэлдэг байсан” гэж ярьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээний профайлдаа “Би зовж, зүдэрсэн хүмүүст туслахыг хүсэж байна. Надад хэзээ ч бичиж болно” гэж бичсэн байв.
Шүүх дээр мэдээж Шираиши тэднийг өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр алсан уу, үгүй юу гэдгийг тодорхойлох нь их хэцүү байлаа. Прокурор нар цаазын ял, харин өмгөөлөгч нар хөнгөн ял оноохыг шаардаж байв. Гэвч шинжилгээгээр зарим хохирогчийн бие дээрх шархнаас үзэхэд эсэргүүцэн тэмцсэн байсан нь илэрсэн юм.
Ингээд 2020 оны 12 дугаар сард түүнд цаазын ял оноосон.
2017 онд Шираиши 27 настай байсан. Аав, дүүтэйгээ цуг амьдарч байгаад Токиод ирсэн. Токиод зочид буудалд биеэ үнэлэгч нийлүүлдэг ажил хийж байгаад цагдаад баригдаж, тэнсэн харгалзах ял авчээ. Дахиад ажилд орох гэсэн боловч ялтай гээд хэн ч авсангүй. Ингээд төрөлх хотдоо эргэн иржээ. Найз бүсгүйгээсээ салаад Шираиши твиттер дээр хаягаа нээсэн байна. Амьдралдаа гутарсан эмэгтэйчүүдийг олж, харилцан, гэртээ урина. Хүчиндээд хамаг мөнгийг нь авч, боож алдаг. Заримд нь нойрсуулагч эм хэрэглэж байв.
Шираишигийн хэрэг гарснаас хойш Твиттер дүрэмдээ ”Амиа хорлохыг өөгшүүлэн, дэвэргэж болохгүй” гэсэн журам нэмсэн юм.