UBLife Logo
Спорт

Women's EURO: Хагас шигшээд тоглох багууд тодорлоо

Women's EURO: Хагас шигшээд тоглох багууд тодорлоо

Швейцарьт энэ сарын хоёронд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга (UEFA Women's EURO 2025) тэмцээний шөвгийн наймын тоглолт тун сонирхолтой боллоо. "EURO 2025"-д оролцсон 16 багаас Нидерланд (2017 оны Европын аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай)-ийг эс тооцвол шилдэг, том багууд ямар нэг асуудалгүй шөвгөрсөн.

ШВЕД-АНГЛИ 2:2 (т.ц 2:3)

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хүчтэй багт зүй ёсоор тооцогддог Скандинавын хойгийн шаргал үст бүсгүйчүүд ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл, Олимпийн хошой хүрэл, Европын АШТ-ий алт (1984), гурван мөнгө, нэг хүрэл медальтай баг.

Английн бүсгүйчүүд өмнөх Евро-д (2022 он) түрүүлсэн, сүүлийн ДАШТ (2023)-д үзүүрлэсэн, мөн ДАШТ-ий хүрэл, Еврогийн хошой мөнгөтэй, сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнд тогтмол дээгүүр тоглож буй.

Ийм хүчтэй хоёр багийн тоглолт үнэхээр гоё болсон. Тоглолтыг шведүүд тун амжилттай эхэлж ердөө хоёр дахь минутад эхний гоолыг оруулсан. 25 дахь минутад хоёр дахь гоолоо Английн хаалганд оруулж, 2:0-ээр Швед бүсгүйчүүд хошуучилж эхлэв. Гоол оруулах боломжийг ч хэд хэд гаргаж, нэг ёсондоо Европын аваргуудыг илүүрхэж байлаа. Гэхдээ л аварга бол аварга. Тоглолтын төгсгөлийн 10 минутад хөлбөмбөгийн эх орны бүсгүйчүүд нэхэн хоёр гоол оруулснаар тоглолтын үндсэн цаг 2:2-оор өндөрлөв. Нэмэлт 30 минутад тоо өөрчлөгдсөнгүй. Ялагчийг 11 метрийн торгуулийх цохилтоор тодруулах болов. Сэтгэл зүйн энэ дайныг давах чадвар аль аль тааруухан харагдана. Нийт тус бүр долоон цохилт хийснээс Швед тавыг нь, Англи дөрвийг алдсан.

Шведийн хаалгач Фалк дөрвийн дөрвөн " пенальти"-г хаасан ч өөрөө шийдвэрлэх цохилтыг хаалга давуулан өшиглөж, "Баатар" болох байсан боломжоо хийсгэв. Илүүрхэж яваад бариулж, улмаар торгуулийн цохилтоор хожигдсон Шведүүд үнэхээр харамсалтай байлаа.

НОРВЕГИ-ИТАЛИ 1:2

Норвеги бол эмэгтэй хөлбөмбөгөөр Олимпийн алт, хүрэл, Дэлхийн АШТ-ий алт,мөнгө, Еврогийн хошой алт, дөрвөн мөнгөн медальтай баг. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил том тэмцээнээс огт медаль хүртсэнгүй.

Италийн бүсгүйчүүд Еврогоос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. Хамгийн сүүлд 28 жилийн өмнө л Еврогийн финалд хүрч байв. Олимп, дэлхийгээс бол юм зулгааж байсан түүхгүй, топ багт ордоггүй, ийм л баг.

Эхний үед италичууд хэд хэдэн боломж гаргасан ч гоол болгож чадсангүй. Гэхдээ тоглолтоор илүү. Хоёрдугаар хагас эхлээд удалгүй 50 дахь минутад Италийн багийн ахлагч , хашир туршлагатай Кристиана Жирелли тоглолтын салхийг хагалсан.

Норвегичүүд 11м торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч багийн ахлагч Ада Хегерберг алдчихав. Гэхдээ супер од Хегерберг алдаагаа засч тоглолтын 66 дахь минутад тоог тэнцүүлж,1:1 болгосон юм.

Италийн "капитан"  Жирелли тоглолтын сүүлчийн минутад маш гоё хөндлөн дамжуулалтыг мөргөн хожлын гоолыг, хоёр дахь гоолоо оруулж, багийн ахлагчдын "дуэль"-д цэг тавилаа.

ИСПАНИ-ШВЕЙЦАРЬ 2:0

Шөвгийн наймд үлдсэн багууд дотроо хамгийн сул баг нь Швейцарийн бүсгүйчүүд. Тэд ДАШТ-д хоёр, Еврод гурван удаа оролцсон гэсэн даруухан "амжилттай". Харин энэ жил нутгийн дэвжээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хамгийн том амжилтаа гаргаж, шөвгийн наймд үлдсэн.

Харин Испани бол Дэлхийн аварга (2023) боловч Еврод хагас шигшээгээс хэтэрч байсангүй. Сүүлийн хэдэн жил үнэхээр хүчтэй баг бүрдсэн бөгөөд энэ тоглолтод хожих нь бараг л тодорхой байв.

ФРАНЦ-ГЕРМАН 1:1 (т.ц 5:6)

Хэзээд хүчтэй багтай байдаг ч Францын эмэгтэй хөлбөмбөгчид Евро, ДАШТ, Олимпийн наадмаас нэг ч удаа медаль зүүж байсангүй.

Тэгвэл Германы хүүхнүүд нэг хэсэг дэлхийд ноёлж байсан удаатай. Тэд Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальтай, 2016 оны Олимпийн аварга, мөн дөрвөн хүрэл медальтай. Еврод бол найман түрүү, нэг үзүүртэй. Яах аргагүй дэлхийн шилдэг багуудын нэг.

Тоглолтын 13 минутад Германы хамгаалагч Хендрих өөрийн торгуулийн талбайд Францын тоглогчийн гэзэгнээс татсан тул багаа "пенальти"-аар торгуульж, өөрөө "улаан жавтий" талбайгаас хөөгдөв.

Францын Гейоро 11 метрээс алдсангүй. Хүний тоогоор илүү болж франц бүсгүйчүүд тоглолтын турш илүүрхэн довтолсон, хоёр ч гоолыг нь VAR отон тоглолт гээд тооцсонгүй.

Хэдий 10-уулаа үлдсэн ч "герман чанар" харуулсан немц хүүхнүүд 24 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөн оруулсан Нюскений гоолын ачаар тоогоо тэнцүүлсэн төдийгүй энэ үр дүнгээ тоглолтын үндсэн ба нэмэлт цагт хамгаалж чадсан.

Ингээд 11 метрийн торгуулийн цохилтоор 6:5-аар герман бүсгүйчүүд хожин, францын "Жанна д Арк"-ийн дүү бүсгүйчүүд нутаг буцлаа.

Ийнхүү "Women's EURO 2025" -ийн хагас шигшээд долдугаар сарын 22-нд Женев хотноо Англи-Итали, долдугаар сарын 23-нд Герман-Испани Цюрих хотноо тоглож, хожсон багууд долдугаар сарын 27-нд Базель хотноо аваргын цом, алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн "ЕВРО-2025"-ийн нэг тоглолтыг дунджаар 20,000 хүн цэнгэлдэхэд үзэж байна.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.