UBLife Logo
Спорт

Олимпын аварга Хитоми Обара 44 настайдаа халин одлоо

Олимпын аварга Хитоми Обара 44 настайдаа халин одлоо

Японы алдарт тамирчин, чөлөөт бөхийн олимпын аварга, дэлхийн 8 удаагийн аварга  Хитоми Обара энэ сарын 18-нд таалал төгссөн мэдээ Наран орноос ирлээ. Чөлөөт бөх төдийгүй спортын ертөнц тэр чигээрээ эмгэнэн гашуудаж байна.

Хитомигийн замнал олон гялалзсан ялалтаас гадна онцлох үйл явдлаар дүүрэн байсан юм. Сакамото нэрээр анх чөлөөтийн дэвжээнд гарсан тэрээр тун удалгүй дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ батлан харуулсан билээ. 2000-2008 оны хооронд тэрээр эмэгтэй 51 кг жинд зургаан удаа дэлхийн аварга болсон. Хитомигийн энэ ялалтууд Японд эмэгтэй чөлөөт бөхийн нэр хүндийг өргөж, ивээн тэтгэгч, улсын дэмжлэг авахад том түлхэц болж өгсөн юм.

Хүнд бэртэл гэмтлийн улмаас олон жил завсарласны эцэст тэр их спортдоо эргэн ирсэн. Хитоми ДАШТ-д үргэлжлүүлэн ялаад зогсохгүй, 2012 оны Лондоны олимпод 48 кг-д түрүүлж, улс орноо мандуулсан билээ. Энэ бол түүний замналын оргил цэг байлаа.

31 настайдаа зодог тайлж, дасгалжуулагчийн ажилд шилжсэн. 2022 оны есдүгээр сард ДБНХ-ны Алдрын танхимд орсон. 2025 оны нэгдүгээр сард Хитоми 2028 оны олимпын наадамд оролцох эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар алдарт Каори Ичётой дөнгөж томилогдоод байлаа. Нөхөр, нь бас чөлөөт бөхийн тамирчин бөгөөд хүү, охинтой.

Түүний үхлийн шалтгаан тодорхой бус бөгөөд Японы бөхийн холбооноос “Ар гэрийнхний хүсэлтээр энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
4
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.