БНСУ-д 60 жилийн өмнөх нэгэн хэргийг дахин хэлэлцэж эхэллээ. 1964 онд болсон хэрэг л дээ.
1964 онд Чхве Мал Жа 18 настай байхдаа халдлагад өртжээ. 21 настай нэгэн эр Кимхэ хотод түүнийг хүчиндэхээр дайрч, газар унагааж, аманд нь хэлээ хийхийг оролдсон байна. Чхве түүнийг хэлийг тас хазаад зугтаж чадсан байна. Цагдаагийн газрын тогтоосноор залуугийн хэлний 1,5 см хэсэг тасарсан байжээ.
Ингээд хэрэг шүүхэд шилжсэн ч хүчирхийлүүлэх шахсан охин хэрэгт унасан юм. Шүүхээс залууд 6 сар хорих ял оноосон. Түүнийг хүчиндэх гэмт хэрэг хийхийг завдсан талаар шүүх авч хэлэлцээгүй. Хувийн газар нутагт зөвшөөрөлгүй орсон, айлган сүрдүүлсэн хэргээр шийтгэж, 6 сар хорьсон юм. Харин хүчиндүүлэх шахсан Чхве Мал Жад гэмт этгээдээс илүү хүнд ял оноосон. Чхвег хүний эрүүл мэндэд маш хүнд хохирол учруулсан, өөрийгөө хамгаалах хязгаарыг хэтрүүлсэн гээд 10 сарын хорих ялаар шийтгэжээ. Охин давж заалдаагүй, учир нь тэр яаж заргалдахаа ч мэдэхгүй байжээ. Энэ хэрэг БНСУ-ын Хууль, эрх зүйн сурах бичигт Шүүхийн алдааны жишээ болон орсон байдаг.
Чхве Мал Жа БНСУ-д хүчийг авсан #MeToo хөдөлгөөний ачаар хэлмэгдсэнээ ухаарч, Шүүхэд хэргээ дахин хэлэлцүүлэхээр давж заалдсан. Мөн 60 жилийн өмнөх ялыг нь хүчингүй болгохыг шаарджээ.
Шүүхээс хэргийг дахин шалгаж, эмэгтэйг гэм буруугүй болохыг баталж, Прокурорын газраас хүлцэл өчсөн байна.
Эдүгээ 78 настай Чхве “Улс намайг 61 жил гэмт хэрэгтэн мэт амьдрахад хүргэсэн. Энэ оронд шударга ёс үлдсэн байсныг сая харлаа. Бид яллаа. Шударга бус шийдвэр нэг хүний амьдралыг орвонгоор нь бусниулж болдгийг миний жишээнээс бүгд харсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Бусан хотын Ерөнхий прокурор Чон Мен Вон “Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйг бид хамгаалах ёстой байтал түүнд маш их зовлон, зүдүүр учруулсандаа харамсаж байна” гэж мэдэгджээ.