Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хашир аваргууд ухааны цараагаар Их шөвөгт хүрсэн бол идэр хүчтэнгүүд хүч түрэн түрүүлж, үзүүрлэсэн билээ. Бид өнөө жилийн наадмаар хүлээлтээс доогуур даваанд унасан ДОЛООН бөхийг онцолж байна.
Улсын аварга Оргихын Хангай

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг таван аварга манлайлж зодоглосон. Тэдний хоёр нь Их шөвөгт шалгарсан бол шөвгөрч чадаагүй аваргуудаас О.Хангайг онцлон олон хүн өндөр даваанд харж байлаа.
Г.Эрхэмбаяр 2018 оны 2-р сараас, С.Мөнхбат 2023 оны 2-р сараас хойш заалны барилдаанд зодоглоогүй юм.
Харин О.Хангайгийн хувьд, сүүлийн хоёр жилийн Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлснээс гадна 256 бөх зодоглосон 2025 оны хоёр том барилдаанд дараалан түрүү булаалдсан билээ.
Тэрбээр өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсэн бол өнөө жилийн эхэнд хоёр түрүүлж, мөн хоёр удаа үзүүрлээд улсын наадамд зодоглосон. Тэгэвч аймгийн хурц арслан О.Наранбаатар Үндэсний Их баяр наадмын дөрөв, тавын даваанаа Ховдын Их дөрвөлийн хоёрыг дараалж унагасан нь харцага Г.Ганхуяг, аварга О.Хангай нар байж таарсан юм.
Улсын арслан Баярсайханы Орхонбаяр

Нас залуу түүнд итгэл найдвар ч төдий их байлаа.
Тэрчлэн Б.Орхонбаяр 2025 он гарснаар 15 барилдаанд зодоглож бүгдэд нь шөвгөрөөд байгаа билээ. Гэсэн ч Улсын наадмаар хоёр жил дараалан гэнэ алдаж унана гэдэг үнэхээр хайран юм.
Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон

Ц.Бямба-Отгон аймгийн заан цолтой байхдаа Ц.Содномдорж арсланг гурав дараалан давснаар анх тодорсон бөх билээ. Гэлээ ч улсын арслан цолонд хүрснээсээ хойш Үндэсний Их баяр наадамд шөвгөрч чадаагүй байна.
Ид үеийн залуу арслангийн хувьд тун чамлалттай амжилт энэ билээ.
Өмнөх жилийн наадмаар гурвын даваанд П.Хүрэлбаатар арсланг амлаж барилдсан ч, удаан торгоож чадалгүй өвдөг шороодсон. Тэгтэл энэ зун О.Баярбаасан арсланд дөрвийн даваанаа уналаа.
Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун

Өндөр нуруу, өргөн цээж бүхий ийм дүүрэн өгөгдөлд цол нь багадах шиг санагддаг юм. Удах тусмаа нягтарч, чангардаг нь ч сайн бөхийн шинж билээ.
Ч.Батчулуун начинг арслан, зааны эрэмбэтэй бөх хэмээн харж, найддаг хүн олон. Даанч ид шуугиулах залуу насаа дэндүү гэмээр даруухан амжилттайгаар өнгөрүүлж байгаа билээ.
Тэрбээр өнөө жил гурвын даваанд нутгийн арслан П.Хүрэлбаатарыг дэмжсэн. Ингэж сүүлийн гурван жилийн наадамд гурав давж чадсангүй.
Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан

“Алтан цом”-ын төлөөх анхдугаар багийн барилдааныг чимсэн Булганы начингуудыг цолоо ахиулах болов уу гэж харах хүн сүүлийн хоёр жилд олширсон. Тэгэвч өнөө жил Б.Түмэндэмбэрэл л ганцаархнаа начин цолоо баталж, өсөх идэр чимэг нэмлээ.
Уг нь цол олгоогүй анхны Даншиг наадам, Улсын баярын сорилгод үнэн хүчээрээ түрүүлсэн Д.Амарсайханг дээшээ зүтгэх болов уу гэх нууцхан хүлээлт байсан юм. Ер нь түүнийг “Алтан цом”-оор гялалзаж, Ерөнхийлөгчийн цомд түрүүлснээс нь хойш цолоо хэзээ ахиулах бол гэх хүлээлт олон хүний сэтгэлд ассан. Тэгэвч 2016 онд улсын начин цолонд хүрч, тэр цагаас хойш дөрвөн ч удаа тавын даваанд унасан байна.
Өнөө жилийн тухайд, гурвын даваанаа Завхан аймгийн арслан А.Нармандахыг амлаж барилдаад өвдөг шороодсон юм.
Аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож

Өнөө жилийн Үндэсний Их баяр наадмын өмнөхөн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Э.Баасанжав, Х.Наранбаяр нар улсын цолонд хүрэх магадлалтай бөхчүүдийн чансааг тэргүүлж байлаа.
Улс, аймгийн цолтнуудын заалны барилдаанаас хоёр түрүүтэй Д.Алтанцоожийн тухайд дөрвийн даваанаа унасан.
Тэрбээр өмнө нь улсын арслан Б.Орхонбаярт хоёр жил дараалан дөрвийн оноолтоор унаж байсан бол энэ удаа улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй барилдаад өвдөг шороодсон юм.
Аймгийн арслан Отгонбатын Баярбаасан

Архангай аймгийн арслан Отгонбатын Баярбаасан гэж хаана ч зодоглосон шуугиулж барилдаад л шөвгөрчихдөг дөмөг эр билээ. Тэрбээр Улсын наадамд анх зодоглосон жилээ улсын арслан Ц.Бямба-Отгоноор шуудхан дөрөв даваад начины даваанд унасан.
Түүнийг улсын гарди Ө.Бат-Орших тавын даваанаа амлахад начин болчихлоо гэж хүмүүс харж байлаа. Тэгтэл анх зодоглосон наадамдаа арай л яарч барилдаад хариу мэхэнд орж унасан юм.
Булганы наадмаас хасагдаж, Орхонд түрүүлсэн арслан цолоо хожуу авсан О.Баярбаасан олныг шуугиулсан хийцтэй, шалмаг барилдаантай бөх. Орхон аймагт түрүүлчихээд бай шагналаа Ө.Батзул агсны гэр бүлд хандивлаж байсан сайхан сэтгэлтэй эр билээ. Ирэх жилүүдэд улсын цолны босгыг лавхан алхах биз ээ.