Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналын шийдвэрлэх шатанд өрсөлдөх 30 хөлбөмбөгчний нэрийг “France Football" сэтгүүлийн газраас зарлалаа.
Энэхүү шагналыг эзнийг 9-р сарын 22-ний өдөр тодруулна.
Дээрх 30 тоглогчийн дотор Италийн лигийн аварга, Серие А-гийн өнгөрсөн улирлын шилдэг тамирчин Скотт МакТоминай нэрлэгдсэн байна.
Өдгөө 28 настай тэрбээр “Манчестер Юнайтед”-ийн төлөө сүүлчийн удаа тоглосноосоо хойш 347 өдрийн дараа дэлхийн шилдэг 30 хөлбөмбөгчний жагсаалтад багтсан нь энэ юм.
Тухайн үед МакТоминай Улаан чөтгөрүүдийн сэлгээний тоглогч байлаа.
Харин өнгөрсөн улирлын төгсгөлд “Юнайтед” Премьер лигийн 15-р байрт бичигдсэн бол МакТоминай “Наполи”-д ирээд мөрөөдлөөрөө амьдарч байна.
Тэрбээр өнгөрсөн улирлын Серие А лигт 12 гоолыг оруулж, “Наполи” Италийн аваргаар тодорсон төдийгүй МакТоминай ч тэмцээний Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг атгасан.
Сонирхолтой нь, МакТоминай өнгөрсөн улирлын сүүлчийн өдөр “Кальяри”-гийн эсрэг хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг хайчилж өшиглөөд гоолдсон юм. Үзэгчдийг баясгасан энэ гайхалтай гоолын ачаар “Наполи” клуб аваргын цом өргөсөн билээ.
Түүний гялалзан мандсан энэхүү замналд онцгой нөлөөлсөн эрхэм бол дасгалжуулагч Антонио Конте юм.
Тэрбээр МакТоминайгийн тоглож дадсан байрлалыг өөрчилж, хамгаалалтын хагас хамгаалагчаас довтолгооны хагас хамгаалагч руу урагшлуулсан байна.
Уг өөрчлөлт Шотланд эрийн бүтээмжийг огцом өсгөж, Серие А-д л гэхэд 34 тоглолтод оролцохдоо 12 гоолыг оруулсан юм.
Үүнээс өмнө нь тэр “Юнайтед”-ийн өмнөөс Премьер лигийн 178 тоглолтод оролцохдоо ердөө 19 гоолыг бүртгүүлж байв.
“Наполи” клубийн домогт тоглогч болно гэдэг амархан явдал биш ээ. Ялангуяа Диего Марадонагийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг том сорилт байдаг.
Өнгөрсөн улиралд “Наполи” багийнхан Серие А лигийн аваргаар дөрөв дэхиэ тодорч, энэхүү ялгуусан амжилтынх нь гол гавьяаг МакТоминей хүртсэн билээ.
