Наймдугаар сарын 8-10-ны өдрүүдээр Хүй долоон худагт болж буй “Их хурд-10” шигшмэл хурдан хүлгүүдийн уралдааны үеэр улс, аймгийн цолтой 256 бөх барилдаж байна.
Энэхүү наадмыг аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон нар манлайлж байгаа юм.
Уг наадамд түрүүлэх бололцоотой бөхчүүдийн нэг улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан хоёрын даваанаа Завхан аймгийн начин А.Машбатад өвдөг шороодлоо.
“Амаргүй” Д.Амарсайханы тухайд, улсын наадмын өмнөхөн Хүй долоон худагт болсон Даншиг наадамд түрүүлж байсан.
“Их хурд-10” наадмын хоёрын даваанаа жүдо бөхөөр давхар хичээллэдэг улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн начин Б.Гончигсүрэн нар тааран барилдсан нь олны анхаарлыг татлаа.
Энэ барилдаанд Э.Мөнхжаргал давсан юм.
Эл наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнах бол үзүүр бөх 8 сая, Их шөвөгт шалгарсан бөхчүүд 3 сая төгрөгийн бай гардах юм.