Эцэг эх гэдэг бол хүүхдийн хамгийн ойрын хүмүүс. Гэхдээ зарим тохиолдолд тэдний зан авир нь хайр, халамжаас илүү хяналт, дарамт, үл хүндэтгэл дагуулах тохиолдол бий. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд гүн шарх үлдээж, насанд хүрсэн хойно ч үргэлжилдэг нь харамсалтай.
Хэрэв та ийм нөхцөл байдалтай тулгараад буй бол та ганцаараа биш гэдгийг нэн тэргүүнд ойлгох хэрэгтэй. Та өөрийгөө хамгаалах, сэтгэл санаагаа эрүүл байлгах бүрэн чадалтай, хүчтэй нэгэн. Энэ удаад бид сэтгэл зүйн зөвлөх Минкюнг Чунгийн “хортой эцэг эхтэйгээ харилцахад туслах 10 зөвлөгөөг” тоймлон хүргэж байна.
1. Хил хязгаар тогтоох
Хэрхэн хандахыг хүсэж буйгаа тодорхой хэлээд зогсохгүй, зөрчвөл ямар үр дагавартай болохыг ойлгуулах. Аль болох тайван байж, таныг тухгүй болгох нөхцөл байдлуудаас зайлс хийх. Мөн өөрөө өөртөө тогтоосон хил хязгаараа чанд баримтлах хэрэгтэй.
2. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх
“Чиний мэдрэмж буруу” гэх үгийг дахин дахин сонссон ч таны сэтгэл үүнийг тань хүлээж авахгүй. Тиймээс та өөрийн мэдрэмжээ үнэн гэдгийг өөртөө байнга сануулах шаардлагатай.
3. Тэднийг өөрчлөх гэж бүү оролд
Эцэг эхээ засаж, эмчлэх үүрэг танд байх ёсгүй. Энэ бол таны хариуцлага биш, харин тэдний шийдэх асуудал гэдгийг санаарай.
4. Бодитой байж, эрүүл бус хүлээлтээс зайлсхий
“Нэг өдөр өөрчлөгдөнө” гэх хүлээлт нь зөвхөн урам хугарал дагуулна. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч, сэтгэлээ хамгаалах тал дээр анхаарах нь чухал.

5. Юу хуваалцахаа анхаар
Хортой эцэг эх мэдээллийг ашиглаж таныг сэтгэл санаагаар дарамталдаг. Тиймээс ямар мэдээлэл өгөхөө няхуур бодож шийдэх хэрэгтэй.
6. Дэмжлэгийн сүлжээ бий болго
Таны мэдрэмжийг ойлгож, хайр халамж өгөх найз нөхөд, хамт олон, нийгмийн бүлгийг өөрийн тойрогтоо бий болго. Ингэснээр та ганцаардахгүй мөн өөрийн доторх бяцхан хүүхдийг хамгаалах боломж бүрдэнэ.
7. Өөрийгөө хайрлах, халамжлах дадалтай болоорой
Бясалгал хийх, алхах, ном унших, зураг зурах, хоол хийх гээд таны сэтгэлд зүйд таатай зүйлсийг хий. Та үр дүнд нь өөрийгөө хамгаалах дархлаатай болно.

8. Тайван замаар энхийг сахиулах
Харилцаагаа бүр мөсөн таслахгүй ч сэтгэл санааны зай барих нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр болох болно.
9. Өдрийн тэмдэглэл хөтлөх
Тэмдэглэл бичих нь харилцаанд болж буй үйл явдлыг гадна талаас нь ойлгож, өөрийн мэдрэмжийг тодорхой болгоход тусалдаг. Өөрийгөө таних, эдгэрэхэд тань өдрийн тэмдэглэл тус болох болно.

10. Мэргэжлийн тусламж авах
Сэтгэл засалчтай уулзах нь таны сэтгэлд аюулгүй орон зай бий болгож, гүн суусан шархыг аажмаар эмчлэхэд туслах боломжтой. Хэрвээ та хүсэж байвал мэргэжлийн тусламж авч үзэх хэрэгтэй.
Эцэст нь хэрэв та хортой эцэг эхтэйгээ харилцаж байгаа бол өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгээ санаарай. Өөрийгөө хайрлах, хил хязгаараа тогтоох, тусламж авах зэрэг нь таныг тайван, эрүүл ирээдүй рүү хөтлөх эхний алхмууд болох болно.
Мөн та хайрлагдах, хүндлэгдэх бүрэн эрхтэй гэдгээ санаарай.
Эх сурвалж: энд дарна уу
Ковер зургийг: Г.Ариунзаяа