UBLife Logo
Фото

Фото сурвалжилга | МАК компанийн иж бүрэн тохижуулсан маркшейдерийн танхимтай танилцъя

Фото сурвалжилга | МАК компанийн иж бүрэн тохижуулсан маркшейдерийн танхимтай танилцъя

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн шинэчлэн тохижуулсан Маркшейдерийн лабораториор алхаж ороход анхны сэтгэгдэл нь “амьдралд ойрхон, шинэлэг” гэдэг үгэнд багтана.

Гэрэл гэгээтэй, цэвэрхэн, бүх талдаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр дүүрэн танхимд оюутнууд шинэхэн тоног төхөөрөмжүүд, хэрэглэлтэй танилцан дуу шуу дүүрэн угтсан юм.

Энэ бүхнийг Монголын Алт (МАК) компани ивээн тэтгэж, нийт 457 сая төгрөг хөрөнгө оруулж, танхимыг бүрэн засварлаж, 33 суурин компьютер, маркшейдер, инженерийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг авчирлаа. Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн төгсөгчид танхимдаа зориулан 100 сая төгрөгийн хандив босгон гардуулжээ.

Тоног төхөөрөмжүүдтэй танилцах явцад багш оюутнууд цаашид үүнийг ашигласнаар сургууль дээр суралцаж байх хугацаандаа оюутнууд маань ажил дээр гараад ашиглах бүрэн чадвартай болж төгсөх тухай ярилцаж байсан юм.

“Монголын Алт” МАК ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир:

МАК компани байгуулагдсанаас хойш нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Манай компанид өнөөдөр 4,500 гаруй ажилтан ажиллаж байна. Бидний үндсэн үйл ажиллагаа бол геологи, уул уурхайн салбар бөгөөд энэ салбар Монгол Улсын хөгжилд тэргүүлэх байр суурьтай. Цаашид нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрүүдийн хөгжил ч уул уурхайгаас шууд хамаарна.

Харамсалтай нь, өнөөдөр ч боловсон хүчний дутагдал байсаар байна. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд олон залуусыг сонгон шалгаруулж, гадаадын их, дээд сургуулиудад инженерийн чиглэлээр сургаж, өнөөдөр тэд маань компанийн үнэт мэргэжилтнүүд болсон. Дараагийн үеэ бэлтгэх нь бидний тасралтгүй хийх ёстой ажил. Энэ зорилгын хүрээнд бид ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийг бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө. Ингэснээр Монголын маркшейдер, геологич, уул уурхайн инженерүүд хамгийн орчин үеийн багаж, төхөөрөмж дээр дадлага хийж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэх боломж бүрдлээ.

Маркшейдерийн мэргэжил бол уул уурхайн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй, хяналтын чиг үүрэгтэй чухал салбар. Орчин цагт хиймэл оюун ухаан, дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар илүү өргөн хүрээнд хэмжилт, зураглал хийх боломжтой болсон. Тиймээс Монголын залуус энэ мэргэжлийг дэлхийн түвшинд эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Шинээр тохижуулсан танхимыг цаашид өдөр тутамд 1000 гаруй оюутан ашиглаж, онол, практикийг хослуулсан сургалтад хамрагдаж байна. МАК компани зөвхөн лаборатори тохижуулахад зогсохгүй, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр 3 их сургууль, 6 политехникийн коллежтой тогтвортой хамтын ажиллагаа явуулдаг.

ШУТИС-ийн професор Д.Дондов:

Манай сургуульд, энэхүү маркшейдерийн салбарт ийм сайхан лаборатори техник технологи нэвтрүүлж байгаад “МАК“ компанийн удирдлага, үүсгэн байгуулагч Б.Нямтайшир болон баг хамт олонд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлж буй учир бид дэлхийн түвшинд оюутнуудаа бэлтгэх боломжтой болж байна. Инженерийн шийдэл гаргах бүх программуудыг ашиглах бүрэн бололцоотой боллоо. Тэгэхээр манай оюутнууд цоо шинэ түвшинд, шинэ маягаар суралцаж өндөр түвшний мэргэжилтэн болж гарах нөхцөлийг бүрдүүлсэн лаборатори боллоо. Бид цаашдаа үргэлжлүүлж, танхимаа улам баяжуулах болно. Мөн МАК компанитай байнгын хамтын ажиллагаатай байх болно.

Тус компанийн зүгээс эрчим хүчний салбарын оюутнуудыг дэмжих хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор төлөвлөсөн бөгөөд уг хөтөлбөрт нийт 2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Тус компани оюутнуудыг урт хугацаанд цалинтай дадлага хийлгэж, салбарын тогтвортой ажилд холбохоор ажиллаж байгаа аж.

ШУТИС-ГУУС-ийн Уурхайн технологийн салбарын Уул уурхайн маркшейдер хөтөлбөрийн төгсөх оюутан У.Цогтбаясгалан:

Яг уурхай дээр, ажлын байранд ашигладаг бүх багаж хэрэгслийг шинэчилж, сургалтын орчинд бүрэн суурилуулсан нь бид оюутнуудын хувьд маш том боломж, баяртай үйл явдал болж байна. Би өөрөө “МАК” компанийн Нарийнсухайтын уурхайд дадлага хийж байсан тул энэ шинэчлэлийн ач холбогдлыг илүү сайн ойлгож байгаа.

Ажлын байран дээр ашиглагддаг багаж, төхөөрөмжүүд яг ижил хэлбэрээр сургалтын явцад хэрэглэгдэх ёстой гэж би үздэг. Ингэснээр лекц, семинарын онолын мэдлэг дээрээ нэмээд практик ур чадварыг эзэмшиж чадна. Өмнө нь сургалтын энэ тал сул байсан бол одоо оюутнуудын цаашдын ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болохуйц шинэчлэл хийгдлээ.

МАК компани өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн боловсролын салбарт гэхэд 30 гаруй тэрбум төгрөг хөрөнгө оруулсан байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд сургууль, дотуур байр, Дорноговь аймгийн Даланжаргаланд цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандарт бүхий 960 хүүхдийн сургууль барьжээ.

Энэхүү лаборатори, сургалтын орчин нь Монголын уул уурхайн салбарын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх, практик дадлагаар хангахад чухал хувь нэмэр болж байна. Оюутнууд шинэ тоног төхөөрөмж дээр дадлага хийж байх нь салбарын хөгжилд бодитой хувь нэмэр гэдгийг батлан харуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.