Японы сүмо бөхийн холбооны ээлжит шинэ бөхийн шалгалт энэ сарын 5-нд Кокүгикан ордонд явагдлаа. Шинэ бөхчүүд дотор сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татсан нь Монгол залуу Ганбатын Отгонбат байлаа. 21 настай, 197 см өндөр нуруутай, 173 кг жинтэй тэрээр Таманои дэвжээнд элсжээ. Таманои дэвжээний ояката бол хурц барилдаант озэки асан Точиазүма.
Одоо барилдаж байгаа сүмочид дотор хамгийн өндөр нь болох Казахстаны Кинбозан, жониданы Ёшиазүма нар 195 см өндөр тул манай бөх мэргэжилд ороод хамгийн өндөр сүмо бөх болох юм. Визний шалтгаанаар Г.Отгонбат 11 сарын тэмцээнээс барилдаж эхлэх болно.
Шинэ бөхийн шалгалтын дараа Г.Отгонбат сэтгүүлчдэд “Аав маань 185 см, ээж 170 см өндөр. Багаасаа л том биетэй байсан болохоор 5 настайдаа сургууьд элссэн. 14 настайдаа 190 см болсон ч жин 100 кг хүрдэггүй байсан. Харин ахлах ангид ороод 125 кг болж нэмэгдсэн. Их сургуульд 160 кг хүрч, Таманои дэвжээнд орсны дараа улам нэмэгдсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Дунд сургуульд ортлоо унтаад л байдаг байсан, өдөрт 12 цаг унтдаг байсан гэхээр өсгөлүүн, том болох нь мэдээж биз.

Японы Мэйтокү ахлах сургуульд сүмо барилдаж эхлэн, Toyo их сургуульд элсэж, Японы хошой аварга болсон ч голоос нь гарч, мэргэжилд орохоор шийджээ. Учир нь тэр анхнаасаа л сүмоч болох хүсэлтэй Японд ирж байжээ.
Гуравхан см өсчихөд л 2 метр өндөр болох ч Г.Отгонбат “Дахиж өсөхгүй байх. Их сургуульд ороод ганц см нэмэгдээд л өсөлт зогссон. Хоёр метр өндөр болохыг хүсэхгүй байна. Хэрэггүй” гэжээ.
Шинэ бөхийн шалгалтад орохынхоо өмнө үсээ хуссан нь бүхнийг тэгээс эхлүүлнэ гэсэн эрмэлзэлтэй нь холбоотой. Мэйтокү сургуульд суралцаж байсан одоогийн Такасаго ояката буюу Асасэкирюүгийн зуучлалаар Японд ирж байжээ.
Таманои ояката монгол шавийнхаа талаар “Тун ирээдүйтэй. Чанга гар гэдэг нь мэдэгддэг. Гэхдээ сүмо бөхийг сайн судлах, мэдрэх шаардлагатай. Манай бэлтгэл дээр ирсэн Митакэүмитэй ч гар зөрүүлэн барилдаж байсан” гэж сэтгүүлчдэд хүүрнэжээ.

Харин Г.Отгонбат “Шууд л ёкозүна болно гэж хэлэх бодол алга. Мэдээж дотроо бага зэрэг бодож байгаа ч гэсэн хэлэхгүй. Залуу насандаа өөрийн хүрч чадах газар хүртлээ явах зорилготой” гэж ярьсан байна.
Ганбатын Отгонбат – 2004 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Хэнтий аймгийн уугуул. 2019 оны тавдугаар сард Японд ирсэн. Гэр бүл - аав ээж, ах эгч. Түүнийг Оогий гэж дууддаг. Хобби нь анимэ үзэх.
Японы сүмо бөхийн холбоо 1953 оны Намрын тэмцээнээс эхлэн цолтой бөхчүүдийн өндөр, жинг хэмждэг болсон. АНУ-ын Акэбоно, Болгарын Котоошюү, Монголын Хокүсэйхо нарын 2 метр давсан өндөр бөхчүүд байлаа. Харин түүхэнд хамгийн өндөр сүмоч бол 1940-1954 онд барилдаж байсан сэкивэкэ Фүдоива юм. Тэрээр 2 метр 12 см өндөр байв.
