Английн “Манчестер Юнайтед” багийн хаалгач Андре Онана Туркийн “Трабзонспор” багт зээллэгээр тоглох боллоо.
Улаан чөтгөрүүд “Рояал Антверпен”-ээс Сенне Ламменсийг авчирсан учир Алтай Байиндир болон Онана нарын аль нэгийг явуулах хүсэлтэй байсан.
Улаан чөтгөрүүд энэ улирлыг Сенне Ламменс, Алтай Байиндир, Том Хитон гэсэн гурван хаалгачтайгаар туулна.
Тэд Премьер лигт хийсэн энэ улирлын эхний гурван тоглолтодоо Алтай Байиндирыг талбайд гаргасан.
Харин Цомын тэмцээнд Английн дөрөвдүгээр дивизионы “Гримсби”-тэй тоглохдоо Онанаг гараанд нэрлэсэн ч, түүний бүдүүлэг алдаанаас үүдэн багийнхан нь гутамшигтайгаар ялагдсан билээ.
Өдгөө 29 настай Онанаг 2023 онд “Интер Милан”-аас 47.2 сая паундаар худалдаж авсан. Ингэхдээ Давид де Хеагийн халааг бүрэн даана гэж итгэж байв.
Харамсалтай нь, өнгөрсөн хавар тэрбээр дараалсан гэнэн алдаанууд гаргаж, улмаар баг дахь байр суурь нь ч ганхахад хүрсэн.
