1999 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж буй Америкийн хамгийн том хөгжмийн наадам Coachella Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Жил бүр наадмын үндсэн тайз дээр тухайн жилийн headliner буюу хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлчид 40 минутаас 2 цаг хүртэлх хугацаанд үзүүлбэрээ үзүүлдэг. Тэгвэл ирэх жилийн наадмын голлох уран бүтээлчээр поп хөгжмийн гялалзаж буй залуу дуучин Sabrina Carpenter, Латин Америкийн супер од Karol G, электро урсгалын томоохон төлөөлөл Anyma, саяхан шинэ цомгоороо эргэн ирсэн Justin Bieber нар сонгогджээ. Мөн к-поп ертөнцийн анхдагчдын нэг BIGBANG энэ жилийн наадамд оролцохоор зарлагдсан нь наадмын үзэгчид, хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Наадмын тасалбар энэ сарын 19-ний өдөр буюу баасан гарагт борлуулагдаж эхлэх юм. Coachella наадам хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногийн тасалбар 649 ам.доллар, хоёр дахь долоо хоногийн тасалбар 549 ам.доллароор зарагдана. Харин VIP тасалбар 1199 -1299 ам.долларын үнэтэй худалдаалагдах ажээ.