UBLife Logo
Дэлхий

НҮБ-ын 80 дугаар чуулган хүлээлтэд хүрэв үү?

НҮБ-ын 80 дугаар чуулган хүлээлтэд хүрэв үү?

Энэ сарын 23-нд Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган ажлаа эхэлж, 29-нд өндөрлөлөө. 80 дахь тэгш ойн чуулган баяр баясгалантай биш ширүүн уур амьсгал дунд өрнөсөн гэхэд болно. НҮБ-ын гишүүн 193 орон, ажиглагч 2 улсын төлөөлөгч нар үг хэлж, дэлхий дахинд болж байгаа асуудлуудыг хэлэлцлээ. 80 дахь чуулганы гол сэдэв нь Израил, Палестины мөргөлдөөн, цаг агаарын өөрчлөлт, хиймэл оюун ухаан байлаа.

Цагтаа олон улсын асуудлыг шийдвэрлэдэг байсан НҮБ сүүлийн үед нэр хүнд ихээхэн унаад байгаа. Цар тахлын үед хангалтгүй ажилласан, бүс нутаг дахь дайн, мөргөлдөөнийг шийдэж чадахгүй байгаа тул аргагүй. Ялангуяа Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш НҮБ-ийн эсрэг тун хатуу байр суурь баримталж байгаа билээ. Израилыг шүүмжилсэн тогтоол болгонд АНУ хориг тавьж байгаа. НҮБ-ын гишүүнчлэлийн татварын өр нь 1,5 тэрбум ам.долларт хүрээд байгаа төдийгүй НҮБ-ын харьяа сангуудад сайн дурын хандив өргөхөө ч зогсоосон. НҮБ-ын ихэнх байгууллага Нью-Йорк хотод байрладаг. Энэ удаад АНУ-аас чуулганд ирэх байсан Ерөнхийлөгч Аббас тэргүүтэй Палестины төлөөлөгчдөд виз олгосонгүй.

Палестинаас гадна Ойрхи Дорнодод Иран, Израилын 12 өдрийн дайн болж, Израилын арми Катарын Дохад бөмбөг хаяж, пуужин харваж, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан нь энэ бүс нутагт том хэмжээний дайн гарахад тун ойрхон байгааг харуулж байлаа.

Тэгэхээр тэгш ойн чуулганы гол асуудал нь удахгүй 2 дахь жилдээ орох Палестин, Израилын мөргөлдөөн болсон нь ойлгомжтой. Чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Израил улс Газын зурваст өргөн хэмжээний довтолгоо зохион байгуулж, палестинчуудыг эх орноос нь хөөн гаргана гэж мэдэгдэж байлаа. Ард нь АНУ байгаа болохоор Израил тун хатуу ширүүн, хоморголон устгах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэнд хүний эрх зөрчигдөж байгаа талаар НҮБ маш олон тогтоол, захирамж гаргасан ч үр дүнгүй хэвээр. Харин чуулганы өмнө Европын орнуудын гадаад бодлогод том өөрчлөлт гарсан нь тэд Израилыг шүүж, шүүмжилж эхэлсэн юм. Франц, Их Британи, Испани улсууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, одоо НҮБ-ын гишүүн 193 орны 157 нь Палестиныг хүлээн зөвшөөрчээ. Баруун Европ Палестиныг нээлттэй, ил тод дэмжиж эхэлснийг АНУ ч, Израил ч тоохгүй байж чадаагүй нь чуулганаас харагдсан. Их Британи, Франц улсууд нутагтаа болж байгаа зарим арга хэмжээнд Израилыг оролцуулахаас татгалзсан, Испанийн Ерөнхий сайд Израилын тамирчдыг олон улсын тэмцээнээс хасахыг шаардсан, Израилын шигшээ баг Европт тэмцээнд ороход сүлд дууллынх нь үеэр үзэгчид буруу харж зогсон, эсэргүүцдэг болсон, хамгийн гол нь израил хүн Европт хаанахын иргэн гэдгээ хэлэхээс эмээдэг болсныг Биньямин Нетаньяху тагнуулын мэдээллээсээ мэдсэн байх учиртай. Европ тив Израилд эдийн засаг, худалдааны хориг тавихаар хэлэлцэж эхэлсэн гэсэн мэдээ ч бий.

Палестиныг Европын хэд хэдэн том орон хүлээн зөвшөөрсөн талаар Трамп “Энэ бол ХАМАС-ын алан хядагчдыг хэт өөгшүүлсэн явдал боллоо. Алан хядагчид барьцааны хүмүүсийг суллахгүй, энхийн гэрээ байгуулахгүй байхад яагаад тэднийг шагнаж байгаа юм бэ? ХАМАС-д бууж өгөх биш тэднээс барьцааны хүмүүсийг суллахыг шаардах ёстой юм. НҮБ ажлаа хийхгүй байна” гэж шүүмжилсэн. Долоон жилийн өмнө Трампыг НҮБ-ын чуулганд үг хэлж байхад бүгд инээлдэж байсан бол энэ удаад чив чимээгүй сонссон. Европын холбоотнуудаа, НҮБ-тай нь хамт бүтэн нэг цаг шүүмжлээд суусан ч Трамп уур амьсгалыг мэдэрсэн байх ёстой. Чуулганы үеэр тэр Саудын Араб, Египет, Катар, Туркийн тэргүүдтэй уулзаж ярилцсан юм.

Ойрхи Дорнодод тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаа Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоан чуулганд үг хэлэхдээ Газын зурвасын мөргөлдөөнийг хурдан зогсоох шаардлагатай байгааг тэмдэглээд хоол, ундгүй байгаа палестинчуудын зургийг индэр дээрээс харуулсан. Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Израилчуудын алсан хүмүүс” гэсэн ном барьсан байлаа.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг индэр дээр гарч ирэхэд танхимд байсан олон төлөөлөгч эсэргүүцэн, гарч явсан. Нетаньяху сүүлийн жилүүдэд Израил улс ХАМАС, Хезболла алан хядагч бүлэглэлүүдийг устгахад хүч гаргаж, Ираныг бөмбөгдөн цөмийн хөтөлбөрийг нь зогсоосон, палестинчуудыг хоморголон устгаагүй, Европын орнууд алдаа гаргалаа гэх зэрэг олон зүйл өгүүлсэн ч танхим шүгэлдэн хүлээж авлаа.

Чуулганы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Газын зурвасын дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулсан нь тэгш ойн чуулганы гол амжилт байлаа. Дэлхийд ганцаардаж эхэлсэн Израил улс ард түмнээ бодсон ч энэ дайныг зогсоох хэрэгтэй байгаа. Дээр нь Трамп Израилд гал зогсоох талаар шахалт үзүүлж эхэлсэн юм.

Палестины асуудлын улмаас Украины дайнд тун бага цаг олдсон ч Ерөнхийлөгч Зеленский ямар ч гэсэн АНУ, Европоос тусламж авахаар болсон.

НҮБ-аас XXI зууны гол аюул гэж нэрлээд байгаа цаг агаарын өөрчлөлтийн талаар чуулган хэлэлцэж, улс орнуудыг ирээдүйдээ хөрөнгө оруулж, санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалсан.

Харин хиймэл оюун ухааны талаар чуулганаас “Энэ бол маш том нөөц боломж тул хэдхэн орон эзэмшээд байж таарахгүй. Бүгд ижил эрхтэй ашиглах ёстой. Гэхдээ сайн хянах ёстой” гэдэг дээр санал нэгдлээ.

Чуулганыг дэргалсан Бербок “Бид 80 жилээ наадам хийж, тэмдэглэх гээгүй. Харин НҮБ-ыг өөрчлөх боломж гэж харж байна. Илүү үр дүнтэй ажиллахын тулд бүтцээ өөрчилж, зардлаа хэмнэх болно. Энэ долоо хоног дэлхий нийт чухал, хурцадмал асуудлыг хамтдаа шийдэх эрмэлзэлтэй хэвээр байгааг нотлон харууллаа” гэж хэлснээр чуулган өндөрлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.