АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Цагаан Ордонд уулзаж, ярилцлаа. Сүүлийн үед дэлхий даяараа Палестинд хийж байгаа Израилын дайныг хоморголон устгах ажиллагаа гэж үзэн, шүүмжилж байгаа. НҮБ-ын чуулганы индэр дээр ч энэ асуудал яригдсан.
Трамп ерөнхийлөгч хэлэлцээрийн дараа сэтгүүлчдэд Газын зурвасын дайныг төгсгөх энхийн хэлэлцээр тун удахгүй болно гэж амлалаа. Тэрээр өөрийнх нь дайныг зогсоох төлөвлөгөөг хүлээн авсан Израилын Ерөнхий сайдад талархсанаа илэрхийлээд түүнийг “Дайчин эр” хэмээн нэрлээд Израилыг үргэлж дэмжихээ илэрхийлсэн.
“Өнөөдөр соё иргэншлийн түүхэн дэх хамгийн агуу өдрүүдийн нэг” гэж сүртэй гэгч нь Трамп зарласан юм.
Дайныг зогсоох төлөвлөгөө нь 21 зүйлтэй гэнэ. Юуны өмнө Газын зурвасыг хөршүүддээ заналхийлдэггүй, алан хядагчдаас ангид бүс болгоно. Энэ төлөвлөгөөг боловсруулахад Арабын орнуудын тэргүүд, Европын холбоотнууд дэмжлэг үзүүлсэн гэдгийг Трамп онцоллоо. Арабын орнууд ойрын хугацаанд Газын зурвасыг зэвсэггүй бүс болгох ажлыг хийнэ. ХАМАС бүлэглэлийн газар доорхи хонгилыг бүрэн устгана. Газын зурвасын Цагдаагийн газрыг сургалтад хамруулж, Израилын цэрэг ээлж дараатайгаар тус зурвасаас гарах юм байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би дайн зогсоох таны төлөвлөгөөг дэмжиж байна” гэж хэлсэн ч барьцаанд байгаа хүмүүсийг амьд, үхсэн хамаагүй 72 цагийн дотор Израилд хүлээлгэн өгөх шаардлага тавьсан. Үүний хариуд Израил бүх насаараа хоригдох ял авсан Палестины хэдэн зуун хоригдлыг суллах гэнэ. Хэрэв ХАМАС энэ төлөвлөгөөг зөвшөөрөхгүй бол Израил улс эхэлсэн дайнаа эцэст нь хүртэл явуулна гэж бас анхааруулсан юм.
Дональд Трамп палестинчуудыг хувь заяагаа өөрсдийн гарт авч, ХАМАС-гүй амьдрахыг уриалсан. Хэрэв ХАМАС Палестинд байсаар байвал АНУ-ын талаас Израилд дахин шаралт үзүүлж чадахгүй гэдгээ ч хэллээ.