Өнөөдөр олон улсын кофены өдөр. Амтат аяга кофе шиг тансаг зүйл гэж үгүй. Дэлхийн сая сая хүн ажлын өдрөө энэ ундаагаар л эхэлдэг. Хүнд ажил эхлэхийн өмнө, хол аялалд гарахын өмнө аяга кофе уухад л бид эрч хүч, цэнэг авдаг билээ. Тийм болохоор яагаад кофены өдрийг ийм орой тэмдэглэж эхэлсэн юм бол гэж гайхмаар. Олон улсын кофены байгууллагаас 2015 онд л International Coffee Day тэмдэглэж эхэлсэн юм. Энэ үйл явдлыг кофе хорхойтнууд баярлан хүлээн авсан билээ. Энэ өдөр дэлхийн бүх кафе бүтээгдэхүүнээ үнэгүй, эсвэл хямдралтай түгээдэг уламжлалтай.
Ингээд баярын өдрийг нь тохиолдуулан, Кофены тухай сонирхолтой 10 баримт танилцуулж байна. Таны мэдэхгүй зүйл байж ч болох юм шүү.
1, Жилд 500 тэрбум аяга кофе зарагддаг. Гэхдээ алс бөглүү зарим орны тоо баримт ороогүй тул бүр их байх боломжтой.
2, Арабика бол сорт, төрөл биш Этиопын ойн нэр. Энэ ойгоос авсан түүхий эдээр хийсэн кофе дэлхийн кофены 70 хувийг эзэлдэг гэнэ.
3, Кофены үрийг цай болгон ашиглахаас өмнө хүнсний зүйл байсан гэвэл та итгэх үү? Арабын нүүдэлчид, цэрэг дайчид үрийг нунтаглаад өөх тостой хольж, хүч чадлаа сэргээхийн тулд зажилдаг байжээ.
4, Арабын худалдаачид кофе зарахын тулд “Энэ ундааг уусан хүн диваажинд очих тавилантай” гэж сурталчилдаг байжээ.

5, Кофены шаарыг эрт үеэс гоо сайхны бүтээгдэхүүн төдийгүй мэргэ төлөг хийхэд хэрэглэдэг байсан. Их Британийн Банбер хэмээх жижиг хотод түлш, цахилгаан гарган авдаг байсан байна.
6, Анхны кафе XVII зуунд байгуулагдсан. Европ тивд анх Италийн Венецэд байгуулагдсан кафед зохиолч, яруу найрагч, уран зураачид цуглардаг байжээ.
7, Кофе бол модонд ургадаг жимс. Мэдээж бидний машинд хийж нунтагладаг үрээрээ модон дээр байж байхгүй. Жимсний үр гэсэн үг.
8, Эртний домогт бичсэнээр кофег анх 1500-гаад онд Этиопын малчин нээжээ. Бүр тодруулбал түүний ямаа. Ямаа нь кофены үр идээд хэт эрч хүчтэй болж, шөнө нь унтахгүй байгааг соргог малчин олж харсан байна. Ингээд нутгийн лам нарт ярьж, лам нар тэр үрийг өөр дээрээ туршиж үзсэн гэдэг. Лам нар ядарч цуцахгүй, шөнөжингөө ном уншиж чаддаг болсон байна.

9, Кофе гэдэг үг арабын “qahwah” (дарсны нэгэн төрөл) гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Гэхдээ Этиопын Каффа гэдэг нутгийн нэр гэсэн таамаглал ч бий.
10, Дэлхийд хамгийн их худалдаалагддаг зүйл бол нефть. Харин хоёрт нь бидний хайртай кофе орж байна. Өдөрт л 2,25 тэрбум аяга кофег хүн төрөлхтөн уудаг.
11, Ямар аяганаас уух вэ? Төрөл болгон өөрийн амттай уух зарчимтай. Ямар аяганд кофе амт чанараа алдахгүй вэ, хэр хэмжээгээр уух вэ гэдэг их чухал. Эспрессо - 30–45 мл-ийн жижигхэн аяга. 70 мл байсан ч болно. Американо - 180 мл хэмжээтэй уудаг. Харин аяга нь том буюу 200–220 мл байх ёстой. Капучино - 170–220 мл хэмжээний аяганаас уух хэрэгтэй. Хөөс нь аяганы захад хүрч байх ёстой гэнэ.Хамгийн том аяга бариад зогсож байгаа хүн бол латте ууж байгаа нь ойлгомжтой. Латтег 220–300 мл аяганд хийж өгдөг. Зарим үед 360 мл.

12, Бразил улс 1932 оны Лос-Анжелес олимпод оролцох баг тамирчдынхаа зардлыг гаргаж чадахгүй байлаа. Ингээд Засгийн газраас тамирчдаа кофе ачсан усан онгоцонд суулгаад үдэн гаргасан байна. Таарсан боомт болгонд кофе зарагдана, харин тамирчид зөөж буулган, замын зардлаа төлсөн байна.
13, Кофег 1511 онд Меккад хориглож байв. Учир нь энэ ундаа эсэргүү бодлыг дэвэргэдэг гэж үзжээ. Османы их гүрэнд XVII зууны үеэр кофег мансууруулах бодистой адилтган үздэг, олон нийтийн газар хэрэглэхийг хориглож байв. Харин XVI зууны Константинополд нөхөр нь эхнэрээ хангалттай хэмжээний кофе өгч чадахгүй байвал эхнэр нь салж болдог хуультай байжээ.

14, Этиопт зочноо кофе бэлтгэж, дайлах нь эр нөхрийн үүрэг байдаг. Зочин татгалзаж болохгүй.
15, Нэг кг кофе гаргахын тулд 4000 үр хэрэгтэй.
16, Лимонтой кофе өөх шатааж, хоол идэх дуршлыг багасгадаг.
17, Кофе уудаг хүн Альцгеймер, Паркинсоны өвчнөөр өвдөх магадлал 60 хувь бага байдаг. Өдөрт 3 аяга кофе уухад зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
18, Хамгийн их кофе уудаг улс бол Финланд. Энэ улсын иргэн бүр жилд 12 кг кофе уудаг байна. Дараа нь Норвег (9,9 кг), Исланд (9 кг), Дани (8,7 кг), Швед (8,2 кг) оржээ.