Африкийн хамгийн том нуур болох Викториа нууранд Уганда ба Кени улсын усан хилийн маргаантай бүсэд Мигинго хэмээх жижигхээн арал бий.
Ердөө 2000 метр квадрат талбайтай (45 м х45 м орчим гээд барагцаалбал илүү ойлгогдох байх. Хамгийн бага стандарттай хөлбөмбөгийн талбай л гэхэд 4000 м.кв гээд бодвол хөлбөмбөгийн тал талбай гэж ч жишиж болохоор) Мигинго хэмээх энэ арал ертөнцийн хамгийн хүн ам шигүү суурьшсан суурин газарт тооцогдоно.
Бод л доо дэлхийн хамгийн нягтралшилтай (population density) улсад тооцогддог Макаод нэг километр квадрат талбайд 22 000 хүн оногддог бол энэ үзүүлэлт Мигинго аралд бараг гурав дахин их буюу нэг км.кв-д талбайд 65,500 хүн оногддог ажээ.
Хүн амьтан суурин амьдардаггүй байсан Мигинго арал дээр 1991 онд л анх Кенийн хоёр загасчин ирж, аж төрөн суух болжээ. 2009 оны байдлаар арал дээрх хүн амын тоо 131 болж өссөн бол өдгөө 500 гаруй хүн амтай гэнэ.
Энэ арлын орчим Нилийн алгана (Nile perch) хэмээх загас маш элбэг байдгаас загасчид ийн олноороо суурьшин амьдрах болжээ. Мигинго цэвэр усаа эх газраас авчирдаг, цахилгаанаа генератор, нарны зай хураагуураар аргалдаг ч зөвхөн загас агнуураас гадна жижиг бизнес ч эрхэлдэг хүмүүс энд байдаг. Арал дээр зочилж, хонох (ингэсний хэрэггүй гэж зөвлөе) болбол "guest house" нэртэй хоёр ортой, төмөр "амбаарт" сарын 3$ төлөөд "толгой хоргодох" боломжтой бөгөөд арлын нэг захаас нөгөө зах хүртэл ердөө нэг минут ч хүрэхгүй алхаад хүрчих ажээ.
Арал дээр нийтийн ганц "OO" бий, бохир нь мэдээж нуур руу ордог! Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн "усанд орох" булан арлын хоёр өөр буланд бас байгаа. Үсчин, сүм, мөргөлийн газар, хоолны газар( гуанз), хүнсний дэлгүүр, эмийн сан хүртэл байдаг гэнэ, арал дээр. Харин хамгийн олон байдаг нь pub буюу уушийн газар. Дөрвийн дөрвөн "баартай" гэнэ шүү, энд.
Эндхийн загасчид "лусын амьтан" элбэг үед (загастай, загасгүй үе гэж бас байдаг гэнэ) долоо хоногт 200-300$ орлого олдог тул (эргэн тойронд байх улсуудад ийм мөнгийг 2-3 сар ажиллаж байж олдог аж) Уганда, Кени, Танзани улсаас ирсэн бүгд л элдэв бэрхшээл, хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн эвтэй найртай амьдардаг ажгуу.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин