Дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн уралдаан БНХАУ-ын циркийн өлгий гэгддэг Учaо хотод болж, Монголын залуу уран бүтээлчид амжилттай оролцлоо.
Монгол Циркус Энтертайнмент төвийн The Mongol’s Team-ийн 17–18 насны уран бүтээлчид Шидэх банзны үзүүлбэрээр дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй өрсөлдөн “Хүрэл арслан” цомын эзэд болсон байна. Ийнхүү тэд уран бүтээлийнхээ гарааг хилийн чанад дахь нэр хүндтэй тэмцээнээс амжилт дүүрэн эхлүүлж, Монголын циркийн нэр хүндийг олон улсад дахин мандууллаа.
Тус багийн амжилтад дараах уран бүтээлчид болон мэргэжилтнүүд хувь нэмэр оруулжээ.
• Продюсер: Б.Ариунболд
• Дасгалжуулагч, багш: У.Цэрэнбаатар
• Бүжиг дэглээч: Х.Хашхүү
• Бүжгийн багш: З.Цэцэн-Эрдэнэ
• Хөгжмийн зохиолч: О.Чинбат
• Дизайнер: Zoya Art
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар болон бусад дэмжигчдэд Монголын циркчид талархал илэрхийлжээ.