Өнөөдөр цаг үеийн асуудлаар хэн, юу хэлснийг болон цахим орчинд ярианы “бай” болж буй сэдвийн хүрээнд тоймлон хүргэж байна.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг ярих эрх нээгдэнэ

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс ирсэн нэг л асуудал байна. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шаардлагыг хангасан буюу П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал л ирсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын даргатай холбоотой шаардлага, хүсэлт, санал гэх юм уу ямар нэгэн албан бичиг ирээгүй байна.
Үндсэн хуулийн 43.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, баасан гарагт УИХ түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганаар ярьж эхлэх эрх нь нээгдэнэ. Нам, эвслийн бүлэг, УИХ-ын гишүүд чуулган байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын даргын асуудал орж ирвэл Дэгийн хуулиараа явна.
УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суух үндсэн үүрэгтэй. Үндсэн хуулийг илтэд зөрчсөнөөс бусад асуудлаар чуулганы хуралдааныг орхиж гарахыг хориглосон байдаг. Чуулганы ирц нээлттэй харагддаг. Чуулганы ирцийг нэг цагийн өмнөөс бүртгэж эхэлдэг учир гишүүд чуулган эхэлтэл ирцээ бүртгүүлээд байнгын хорооны хуралдаа суух гэх мэт бусад ажлаа амжуулаад явж байдаг" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газарт орж ажиллана

УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Маш чадамжгүй, унхиагүй. Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газарт бид орж ажиллана. Нуугаад байх юм алга. Ажлаа хийж чаддаггүй, асуудал дагуулдаг нөхдийг солих хэрэгтэй. Чаддаг улсууд нь орж ажиллая. Би өөрийгөө чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Чадаж ч байсан.
Үндэсний эвсэл засагт орж ажиллахын төлөө Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зурсан. Цаагуураа бялуу хувааж идэх нь үү, албан тушаалын тохироо хийчихсэн үү гэж битгий хардаарай. Би өөрөө хэллээ шүү " гэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс намайг даган мөрдөж байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Оюутолгойн хянан шалгах түр хороо албан ёсоор байгуулагдаад гурван сарын нүүрийг үзэж байна. Оюутолгой бол манай улсад явуулж байгаа хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт. Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа явуулж байх үед ямар нэгэн гаднын нөлөөлөл орж ирэх тохиолдол бүрд бид олон нийтэд мэдээлж байгаа. Энэ гурван сарын хугацаанд итгэмээргүй явдлууд тохиолдож байна.
Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс буюу миний баримтжуулснаар 9 автомашинтай нэлээн том баг өдөр шөнөгүй намайг даган мөрдөж байна. Бүгдийг нь баримтжуулсан. Дагаж байгаа машинуудын дугаарыг Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд шалгуулсан. Мөн smartcar.mn-ээр ороод шалгахаар тус машины дугаарууд улсын бүртгэлгүй гэсэн хариу даваа гарагт ирсэн. Өөрөөр хэлбэл дандаа халхавч, хуурамч дугаартай машинууд байсан. Ингэж хууль бусаар дагаж мөрдөж байгааг амь насанд заналхийлж байна гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд, улс төртэй холбоотой маш олон үйл явдал болж байна. Гэхдээ Оюутолгойн асуудал эцэслэгдэн шийдэгдтэл Оюутолгойгоос анхаарлаа битгий салгаачээ гэж олон нийтээс чин сэтгэлээсээ хүсмээр байна” гэсэн юм.
Чами: Та нар ч бас багадаа атга дүүрэн чихэр иддэг л байсан биз дээ гэж хэлмээр байдаг

Юүтүбэр Cami буюу А.Чамин-Эрдэнэ өчигдөр “Cami гэж хэн бэ?” гэсэн бичлэгээ цацсан нь өнөөдрийн сошиалд “хэлэлцүүлэг” болоод байна. Тэрбээр бичлэгээ “чихэр сурталчилдаг” гэх эцэг эхчүүдэд хандан тайлбар болгон хийжээ.
Чами “Миний хийж байгаа бичлэгийг эцэг, эхчүүд хэзээ ч бүтэн үздэггүй байж, өөрсдийнхөө төсөөллөөр л шүүмжилдэг. Би өөрийнхөө мөнгөөр авсан чихэрнүүдээс энэ нь амтгүй идэх хэрэггүй. Үүнийг нь идвэл арай эрүүл чихэр байна гэх зэргээр зарим бичлэгээ хийдэг. Та нар ч бас багадаа атга дүүрэн чихэр иддэг л байсан биз дээ гэж хэлмээр байдаг.
Хүүхдээр ашиг олох зорилготой байсан бол би гурван жилийн хугацаанд 300 бичлэг хийчихсэн байгаа. Одоо бол 80-90 бичлэг л хийсэн. Нэг бичлэгийг чанартай хийхэд зардал ордог. Сүүлд гэхэд Цагаан сараар 15 сая төгрөгийн зардал гаргаж бичлэг хийсэн. Саяхан монгол гэрийн талаар хүүхдүүдэд өв уламжлалаа сурталчилсан бичлэг хийхэд 10 сая төгрөгийн зардал гарсан. Ингэж хичээл зүтгэл гаргадаг. Би хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч сүүлийн зургаан бичлэгээ гэхэд өөрчилсөн” гэжээ. Мөн тэрбээр хувийн амьдралынхаа талаар ч ний нуугүй ярьсан байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгөнд зарцуулж буй 1 их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Хүүхдийн мөнгө”-ийг ярьсан нь чамгүй шүүмжлэл дагууллаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Үүнд зарцуулж буй 1 их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Энэ нь иргэдэд сайхан харагдаж байгаа ч бодит байдал дээр өнөөдөр өгч буй 100 мянган төгрөгөөр дараа жил нь юм авахаар тор ч дүүргэж чадахгүй. Ийм л хиймэл мөнгө бид тарааж байгаа шүү дээ.
Хүмүүст таалагдахгүй ч үүнийг бодитоор хэлээд зөв зам руу явахгүй бол манай улс Венесуэл боллоо шүү дээ. Бүгд л зээлээр, хөнгөлөлттэй өгье гэх нэг л сайхан сэтгэлт, өгөөмөр төсөл хэрэгжүүлдэг улс. Гэтэл зах зээлийн хүүг бид хуурамчаар тогтоох боломжгүй. Ипотекийн 6% гэж байгаа боловч хүүний бодит зөрүүг нь татвар төлөгч нар төлж байгаа. Тэгэхээр иргэдэд ч бодитоор хэлдэг байх ёстой. Хэн нэгэн төлдөг. Тэр нь төр биш. Дандаа иргэд өөрсдөө буцааж төлж байдаг” гэв.
Тэрбээр мөн “Ипотекийн зээлийн хүүний зөрүүг иргэдийн татвараас төлж байгаа гэдгийг иргэдэд шударга хэлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчидтай ойрхон байдаг хүмүүс тэнд нь танил тал хараад авч өгч байна. Сангийн яамныхан Монгол улсаа бодож байгаа бол бүх асуудлаа шударга хэлээд явмаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Номин: Хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг зарцуулагдаж байгаа

УИХ-ын гишүүний С.Цэнгүүний хэлсэн үгний хариуд зарим гишүүд санал бодлоо мөн хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Номин “С.Цэнгүүнийг либерал үзэлтэй гишүүн байна гэж харсан. Бид хүүхдийнхээ төлөө ямар нэгэн зүйлийг харамлах ёсгүй гэж боддог. “Хүүхдийн мөнгө”-ний 60 орчим хувийг хэрэглээнд, үлдсэн хэсгийг хадгалдаг гэсэн судалгаа бий. Дийлэнх айлуудын хувьд хүүхдийн мөнгөөрөө хүүхдэдээ хичээлийн хэрэгсэл, шим тэжээлтэй хүнс, дулаан хувцас авахад хэрэг болдог. Өнөөдөр 33 их наядын төсөл хэлэлцэж байна. Үүний 1.5 их наяд буюу 5 орчим хувь нь хүүхдийн мөнгөнд зарцуулагдаж байгаа. Үүнийг бид ирээдүйн хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой. Халамж бол хавтгайрч болохгүй” гэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хүүхдийн мөнгийг бүр нэмэх ёстой

Тэрбээр “Хүүхдийн мөнгийг бүр нэмэх ёстой. Энэ чинь хүн ам зүйн бодлого. 2.3 их наяд төгрөгийг цай, кофе, хурал чуулгад зарцуулж чадаж байхад хүүхдийн мөнгөнд зарцуулдаг байх ёстой. Би сая ахмадын баяр, багш нарын баяраар далимдуулаад тойрог дээрээ очиж, 1000 гаруй хүнтэй уулзаж ажилласан. Иргэд “Цалин нэмээд өгөөч, бид нарын эрх зүйн орчныг сайжруулаач, яагаад хуралдаа суухгүй байгаа юм, яагаад сандал ширээ булаацалдаад яваад байгаа юм. Яасан ичдэггүй юм бэ” гэж ярьж байна шүү дээ” гэсэн.
Мөн өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр:
Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
Эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.