Өдөр бүр ээлж дараалсан мэдэгдэлтэй намрын халуун улс төр үргэлжилсээр байна. Хуваагдаж, хагарсан МАН-ын баруун, зүүн жигүүрээс өнөөдөр тус бүр нэг, нэг “бөх дэвлээ”.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Төрийн сангийн данс улайчихсан. Би дандаа баримттай ярина, сэтгэл хөдлөлөөр ярихгүй

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний ярианы онцлох агуулга нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж байгаа, ард иргэдийг төөрөгдүүлэн нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэж байгаа ноён Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдын суудлаас огцоруулах асуудлыг хөндөж тавих гэж байна.
2. ОУВС-гийнхан ажиллаад манай улсыг дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийд гэсэн зүйлийг ярьж байгаа юм билээ гэсэн хоёр асуудлын хүрээнд байлаа.
Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхдээ:
Засгийн газрынхаа 100 хоногт хийсэн ажлаа танилцуулахдаа 3х3 сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аваргаар медаль хүртсэн, шатар, бокс, математик, eSport-ийн The MongolZ баг дэлхийн аварга боллоо. Энэ бол Засгийн газрын хийсэн агуу ажлын нэг байлаа гэсэн. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
Нөхцөл байдлыг бид нар дүгнэж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засгийн талаар өгсөн макро түвшний тоонууд нь бүгд худал. Би бүгдийг баримттайгаар хэлнэ. Хүн албан тушаал, эрх мэдэлд улайрч болно. Гэхдээ олон нийтийг ингэж төөрөгдүүлж, худал мэдээлэл өгч болохгүй.
Нэгдүгээрт, 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын Ерөнхий газар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтэд, "Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1 тэрбум 662.1 сая ам.доллароор алдагдалтай. Шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувиар буурсан. Эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Би дандаа баримттай ярина, сэтгэл хөдлөлөөр ярихгүй.
Ерөнхий сайд хэлэхдээ "Монгол банкнаас өгсөн мэдээллээр валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар буюу бараг 6 тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээлсэн. Үнэндээ гадаадаас босгосон бондууд болон арилжааны банкууд дахь валютын нөөцийг нийлүүлж, эвлүүлээд энэ дүнг хэлж байгаа юм. Валютын цэвэр нөөц хэдийнээ хасах дүн рүү орсон шүү. Тийм учраас 1 тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан шинээр байгуулах гэж байна. Өмнөх нууцалсан оффтейк гэрээний асуудлаа шийдэж чадаагүй, балаг нь арилаагүй байхад дахиад оффтейк гэрээ байгуулна гээд ороод ирлээ. Үүнтэй санал нийлэхгүй.
Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт орсон. Чалкогоос дахин зээл авах агуулгаар үүнийг сэдэж байх шиг байна. Нууцад байгаа өмнөх оффтейк гэрээнүүдээ нийтэд ил болгож, ярих цаг болсон.
Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай үүний 3,6 хувь нь хөдөө аж ахуйн салбарынх гэж байгаа юм. Гэхдээ энэ өсөлтөд өмнөх жилүүдэд зудад алдсан малаа алдагдалд тооцоогүй байж энэ жил шинээр төл авсныгаа хөдөө аж ахуйн баялаг гэж бүртгээд зохиомол тоо үүсгэсэн. Бодит байдал дээр өөр байгаа шүү. Өнгөрсөн жилийн өдийд уул уурхайн салбар 16 хувийн өсөлттэй байсан бол энэ жил нэгхэн хувь өссөн. Эдийн засаг ийм нөхцөл байдалтай байхад Төсвийн хуулийг өргөн барьж буйтай зэрэгцээд олон нийтэд худал мэдээлэл өгч байгаа нь цаашид бодит шийдвэр гаргах боломжгүй болгож байна.
Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг хараарай. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин тэтгэврээ тавьж чадах эсэх эргэлзээтэй байдалд орсон. Оффтейкээр мөнгө босгож ирэхийг л сэдэж байна. ОУВС-гийнхан ажиллаад, манай улсыг дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийд гэсэн зүйлийг ярьж байгаа юм билээ. Бодит байдал ийм байхад бүгдийг болж буй мэтээр сошиалд рийл шахаж, Засгийн газрын ажлыг хийж байгаа нь туйлын харамсалтай” гэлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, өөрийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Уг албан бичигт одоогоор 40 гаруй гишүүн гарын үсэг зураад буй аж.
Сангийн сайд Б.Жавхлан: ОУВС-гийн намрын хуралд П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэл хийсний дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгааг албан ёсоор хэлье. Хаана ч саатсан зүйлгүй. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна. Тэнд очоод ёстой лайваа хийнэ үү, юугаа хийнэ үү очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
Сая Монголбанк болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм.
Олон улсын валютын сангаас жилд хоёр удаа улс орнууд очиж ажилладаг. Манай улсад ямар нэг эрсдэлтэй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өртэй холбоотой эрсдэлтэй зүйл байхгүй гэдгийг дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-гийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна. Тэнд очоод ёстой лайваа хийнэ үү, юугаа хийнэ үү очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
Засгийн газар шийдвэрээ гаргасан тул би ЗГ-ын байр суурийг хамгаалж ярина. Бид яах гэж Биржийн тухай хууль баталлаа. Хятадын биш өөрсдөө биржийн үнэтэй болох гэж л тэр. Тэр биржээр ил тодоор нүүрс, зэс, жонш нь арилжаалагдаж байдаг, тэр үнээр АМНАТ нь тооцогдож байдаг жишиг рүү явах гэсэн. Үндэсний биржийн үйл ажиллагааг дэмжиж ийм шилжилт хийж байна шүү дээ. Хэрэв ингэхгүй бол нөгөө л биржийн бусаар, далд явдаг наймаа улам өргөжнө. Би Сайнзориг гишүүнийг мэдэхгүй, ойлгохгүйдээ ингэж ярьсан гэж бодохгүй байна. Улс төрийн зорилготой л ярьсан байх. Монгол Улс дефолт зарлахааргүй сайн байгаа” гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө 10 тогтоолын тавд нь оролцож, шийдвэр гаргалцсан

Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцааж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр тайлбар хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь 10 удаа гарч байсан. Сонирхолтой нь, энэ 10 тогтоолд янз янзын хувилбарууд явсан байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх, гэрээний үнээр хийх шийдвэрүүд ч гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, татвараас зугатах боломж олгосон байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 120, 150 төгрөгөөр үнэлж, илүү татвар авч аж ахуйн нэгжүүдээ хүнд байдалд оруулсан шийдвэр ч гаргаж байсан. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө 2013 оноос хойш ХЗДХ-ийн яаманд ажиллах хугацаандаа уул уурхайн салбарыг хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар 9 жил орчим ажиллахдаа энэ 10 тогтоолын 5-д нь оролцож, шийдвэр гаргалцсан байдаг. Энэ таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугатаах боломж олгосон тогтоолууд гаргаж байсан.
П.Сайнзориг гишүүний ажиллаж байсан, нүүрсний гэрээнд гарын үсгээ зурж байсан ууган таван толгой компани хамгийн том давуу талыг хүртэнэ. Шударга байцгаая л даа. Би үнэнийг л ярина.
Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм бэ? Тэр үед яагаад шударга ёс ярьж байгаагүй юм бэ? Оролцож явсан юм бол шударга л байх хэрэгтэй шүү дээ. Энэ тогтоолын хамгийн том давуу талыг Монголын ард түмэн 1072 хувьцаагаа эзэмшиж байгаа. Хувьцааныхаа ногдол ашгийг ард иргэддээ түлхүү олгохын тулд “Эрдэнэс таван толгой” компанийг ашигтай ажиллуулах хувилбарыг энэ тогтоолоор бий болгосон. Нүүрсний зах зээлийн 40, 50 хувь унасан байгаа энэ хүнд үед нэмэх ашигтай гарч байж ард иргэддээ 1072 хувьцаанд нь мөнгө олгоно. Хувьцаа тараана, хувьцаа олгоно. Хэрвээ бид нар энэ шийдвэрийг гаргаагүй бол ногдол ашиг байхгүй. 1072 хувьцааны ногдол ашгийг яагаад хулгайлах гээд байгаа юм, яагаад улсын төсөв рүү татаж авч том төсөл нэрээр цохих гээд байгаа юм. Яагаад дайрцгаагаад байгаа юм бэ. Нийт ард түмэндээ байгалийн баялагийг шууд хүртээдэг загварын эсрэг яагаад дайрч байгаа юм бэ?
“Эрдэнэс таван толгой” компани энэ тогтоолоос хамгийн их ашиг хүртэнэ. Манай Сайнзориг гишүүний ажиллаж байсан, нүүрсний гэрээнд гарын үсгээ зурж байсан ууган таван толгой компани хамгийн том давуу талыг хүртэнэ. Шударга байцгаая л даа. Би үнэнийг л ярина” гэлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хөтөлж байна

Тэрбээр “УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдын, УИХ-ын удирдлагын асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Бид өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд ирээд, оролцсон. Харин АН-ын бүлгээс гарсан шийдвэр болон АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагаж ажиллана.
МАН-ын дотоод асуудал Монголын төрийг эзэнгүй байдалд оруулж байна.
Одоо улс төрийн нөхцөл байдлыг харахад МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хөтөлж байгааг та бүхэн бүгд харж байна.
МАН одоо зүй зохистой зарчмаа барьж, улс орныхоо эрх ашгийг бодож ажиллах ёстой. МАН-ын асуудлаар АН бүлэг хуралдаж, нэгдмэл шийдвэр гаргаагүй. Тиймээс гишүүдийг ийм, тийм гэж дүгнэж, цэгнэх шаардлага байхгүй. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид улс орны эдийн засаг, төсвийн асуудал зэрэг хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцээд, тарсан.
МАН-ын дотоод асуудал Монголын төрийг эзэнгүй байдалд оруулж байна. Хоёрдугаарт, төсвийг буцаан татахыг олон нийт буруу ойлгоод байх шиг байна. Төсвийг илүү сайжруул гэсэн шаардлага юм. Гурав хоногийн дотор буцааж өргөн барьж, хэлэлцүүл л гэсэн үг. Түүнээс биш төсвийг гацаах, төсвийг батлахгүй байх хуулийн агуулга байхгүй” гэсэн юм.