Reuters агентлагаас байгалийн хийн “Сибирийн хүч-2” хоолойн бүтээн байгуулалтад тулгарсан асуудлуудын талаар нийтэлжээ. Нийтлэлд “Байгалийн хийн энэхүү хоолойн төслийн талаар Хятадтай хийж байгаа хэлэлцээрт том ахиц гарсан гэж Оросын тал мэдээлсэн нь үнэнд нийцэхгүй. Хоёр тал төслийн тал дээр санал нэгдээгүй хэвээр байгаа” гэж дурджээ.
Юуны өмнө төслийн хөрөнгө оруулалтын болзол, талуудын санхүүгийн үүрэг, барилгын ажлын эхлэх хугацаа, хий нийлүүлэх боломжит хугацаа, хийн үнэ гээд гол зүйлүүд дээр зөвшилцөлд хүрээгүй байгаа гэнэ. Reuters агентлагт ярилцлага өгсөн эх сурвалж “Ирэх жил тодорхой гэрээ байгуулсан ч ажлаа бүрэн дуусгах хүртэл доод тал нь 5 жил шаардлагатай. Жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хэмжээнд хүртэл дахиад 5 жил хэрэгтэй болно” гэж мэдэгдсэн байна.
“Газпром”-ын тэргүүн Алексей Миллер есдүгээр сарын эхээр “Сибирийн хүч-2” хоолой барих талаар хууль зүйн меморандум байгуулсан гэж мэдэгдсэн ч ямар нэг тодорхой зүйл өгүүлээгүй. Зөвхөн байгалийн хийг Хятадад хямд үнээр нийлүүлнэ гэж зарласан билээ. Харин Хятадын албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл энэ хоолойн асуудлыг сүүлийн хэдэн жил сөхөөгүй, бичихгүй байгаа гэнэ.
Reuters агентлагийн мэдээлснээр гол асуудал үнэ гэнэ. Хятад улс байгалийн хийн хомсдолд ороогүй, гадаад бусад орноос ч хий авах төсөлтэй. Харин ОХУ-д Хятадаас өөр хувилбар байхгүй гэжээ.