UBLife Logo
АЛХАМ 2.0

АЛХАМ 2.0 | Ажил карьертай холбоотой танд урам зориг өгөх 10 кино

АЛХАМ 2.0 | Ажил карьертай холбоотой танд урам зориг өгөх 10 кино

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.

Карьераа эхэлж, ажлын талбарт дөнгөж гарахад сэтгэлээр унаж, шантрах үе цөөнгүй. Ийм л үедээ үзэхэд урам зориг өгч, сэтгэлийг чинь сэргээх ажил карьертай холбоотой арван киног танилцуулж байна.


1.Legally Blonde (2001)

Imdb үнэлгээ: 6.5

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут 

2000-аад оны алдартай кинонуудын нэг "Legally Blonde." Шаргал үст Элли Вүүдс хайртай залуугийнхаа сэтгэлийг эргүүлэн татахын тулд Харвардын их сургуулийн хуулийн ангид орохоор шийдэж, өдөр бүр хичээл номоо шаргуу хийх болсноор үйл явдал цааш өрнөнө. Бусдын хүлээлтээр өөрийгөө хязгаарлалгүйгээр зорилгодоо үнэнч байж, өдөр бүр зорилгынхоо төлөө тэмцэж буй Эллигээс урам зориг авна гэдэгт итгэлтэй байна. Жижиг ч гэсэн зорилго тавьж түүнийхээ төлөө өдөр бүр бага багаар хичээх нь гарцаагүй танд үр шим өгнө. Хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө зорилго тавьж зүтгэх нь таныг хаана аваачиж болохыг тус киноноос үзээрэй.

2.Lady Bird (2017)

Imdb үнэлгээ: 7.4

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 35 минут

Энэхүү кино нь ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Лэди Бёрдийн талаар өгүүлнэ. Тэрээр ахлах сургуулиа төгсөж цаашдын карьераа төлөвлөх цаг хэдийн болсон ч өөрийгөө ч ойлгож амжаагүй яваа нэгэн. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл ханамжаа бусдаас хайна. Тэрээр зөвхөн Сакраментогийн жижиг суурингийн амьдралаас холдож, Нью-Йоркийн их сургуульд орохыг хүснэ. Харин ээж нь түүнийг боломжийн төлбөртэй Калифорнийн сургууль руу явуулахыг хүснэ. Киноны туршид өөрийгөө ойлгож, өөрийгөө хайрлаж, үнэлэх нь ирээдүйн карьераа төлөвлөхөд чинь ямар чухал болохыг ойлгоно. Хэн нэгэн, эцэг эхийнхээ хүслээс илүүтэйгээр өөрийнхөө хүсэл зорилгыг илүүд үзээрэй. Сургуулиа төгсөх гээд “Ирээдүйд хэн болох вэ?”, “Ирээдүйд юу хийх вэ” гэж будилж яваа үедээ үзэхэд тохиромжтой кино.

3.The Devil Wears Prada (2006)

Imdb үнэлгээ: 7

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 49 минут 

Алдартай их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн ч “Runway” загварын сэтгүүлд туслахаар орж буй Энди Сакс гэх бүсгүйн түүх юм. Анхны томоохон байгууллагад тэнцэж, суралцаж, ажилдаа мэргэших ч энэ түүний хүссэн зүйл биш байлаа. Ажил карьераа төлөвлөхөд чиний юу хүсэж байгаа нь хамгийн чухал болохыг энэ киноноос ойлгож болно.

4.Kung Fu Panda(2008)

Imdb үнэлгээ: 7.6

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 32 минут 

Хүний мөрөөдөл, зорилгод хязгаар гэж үгүй. Хулсны баавгай ч луугийн дайчин болохыг мөрөөдөж болно. Бүтэшгүй, хүршгүй мэт зорилго тавьсан ч тууштай байж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг та энэхүү бүтээлээс харах боломжтой. Зорилгынхоо төлөө тууштай тэмцэж яваа танд урам зориг өгнө гэж найдаж байна. Хааяа ч гэсэн хөгжилтэй хөнгөхөн анимейшн үзэхэд сэтгэл сэргэдэг шүү дээ.

5.Ao Haru Ride (2014)

Imdb үнэлгээ: 6.1

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 2 минут

Ижил нэрт анимаас сэдэвлэн бүтээсэн нэг ангит кино. Хэдийгээр хайр дурлал, сургуулийн амьдралын тухай мэт боловч өөрийгөө таньж мэдэх, зорилготой болох, ирээдүйгээ төлөвлөх талаар ч мөн өгүүлнэ. Зорилгоо тодорхойлж, карьерын төлөвлөгөөгөө гаргах нь эхний алхмаа хийхэд том түлхэц болдгийг тус бүтээлээс үзэж болно. Тиймээс “Ao Haru Ride”-аа үзэж догдолж, гуниглаж, баярлаж, урам зориг аваарай.

6.Library Wars (2013)

Imdb үнэлгээ: 5.9

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 8 минут

Тус кинонд Япон улсад хэвлэл мэдээллийг сайжруулах тухай хууль батлагдаж, ёс бус гэж үзсэн контент, нийтлэлийг устгаж байгаар кино эхэлдэг. Икү Касахара гэх нэгэн эмэгтэй энэ бүлгэмд шинээр элссэн нь түүний анхны ажлын байр болдог. Анхны ажил нь түүнд том сорилт болно. Ажлын байран дээр мэдлэг боловсролоос гадна олон чадварууд хэрэг болох ажээ. Багаар ажиллах, дасан зохицох гэх мэт. Тэрээр өөрт байхгүй зарим чадвартаа суралцана. Мөн энэ киноноос бид ажлын байран дээр анх гараад төгс байж чадахгүйг, тийм байх нь энгийн зүйл болохыг, дутуу зүйлсээ суралцаад явахад болно гэдгийг ойлгоно. Шинэ ажилдаа ороод удаагүй байгаа үедээ энэхүү киног үзээрэй.

7.Yes Man (2008)

Imdb үнэлгээ: 6.8

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 44 минут

Ажил карьераа нарийн төлөвлөсөн ч заримдаа төлөвлөгөөний тань дагуу юмс явахгүй шүү дээ. Тэр бүрд стрессдэж сэтгэлээр унах хэцүү. Хувийн амьдралаа ч гэсэн тэнцвэртэй авч явах хэрэгтэй. Тус кино эхнэрээсээ салж амьдрал утга учиргүй мэт санагдах болсон банкны зээлийн ажилтан Карл Аллены тухай өгүүлэх юм. Гэрээсээ гарах ч сонирхолгүй болсон тэр бараг л бүх зүйлд “Үгүй” гэх болжээ. Харин нэгэн өдөр ажлын найзуудынхаа хамт нэгэн семинар луу явж бүх зүйлд “Тийм” гэж хэлэхээр шийддэг. Түүний энэхүү шинэ амьдралын хандлага олон эерэг өөрчлөлтийг авчирна. Найз охинтой болно, тушаал дэвшинэ, шинэ ур чадваруудад суралцана. Гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл утга учиргүй болдгийн адилаар түүний амьдралд дахиад л асуудлууд гарч ирнэ. Ямар ч зүйлийн тэнцвэрийн хадгалах нь ямар чухал болохыг та тус киноноос үзнэ.

8.Minari (2020)

Imdb үнэлгээ: 7.4

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 55 минут

Зорилго заавал том байх ёстой юу? Холыг мөрөөдөж, өндөр албан тушаалтай болохыг хүн бүр зорьдог уу? Гэх асуултад энэ кино танд хариулт өгнө. Солонгос гаралтай Дэвидийн гэр бүл Калифорниаас Озарксын жижиг ферм рүү нүүж Солонгос ургамал тариалж эхэлнэ. Бусдын карьертай харьцуулахад энгийн мэт боловч шинэ эхлэл бүр олон саадтай. Тууштай байж гэмээ нь тулгарах саад бүрийг даван гарна. Заримдаа бусдын тусламжийг ч авах зүгээр. Яг л хүнд хэцүү нөхцөлд ургаж чаддаг “Минари” цэцэг шиг. Та бүхэн энэхүү киног үзэж шинэ эхлэлээ даван туулах сэтгэлийн хаттай байх урам зориг аваарай.

9.The Office (TV Series 2005–2013)

Imdb үнэлгээ: 9

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 22-30 минут 

“The Office” цувралын богино бичлэг, зургуудыг та сошиал орчноос хэзээ нэгэн цагт харж байсан байх. Дэлгэцнээ гараад хэдийн 20 жил болсон ч одоо ч үзэгчдийн дуртай цуврал хэвээр байсаар байна. Нийт есөн бүлгийн турш бид бүгд нэгэн оффисын ажилчдын өдөр тутмын хөгжилтэй хөгтэй, заримдаа хэтрүүлэгтэй амьдралыг үздэг шүү дээ. Оффисын амьдралыг, оффисын орчин дахь зохимжгүй үйлдлүүдийг ёжилж, инээдтэй байдлаар харуулсан цуврал. Энэхүү цувралаас ажлын байрны соёлын талаарх багахан ч болов зүйлийг хөгжилтэйгөөр сурч чадна гэж итгэж байна.

10.The Intern (2015)

Imdb үнэлгээ: 7.1

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 

Карьераа эхлүүлэхэд оройтдоггүй бас хэтэрхий эрт байна гэж байдаггүйг харуулах кино бол 2015 онд нээлтээ хийсэн “The Intern” юм. 70 настай тэтгэвэрт гарсан эр Бен Виттакерийн тэтгэврийн амьдрал түүний бодож байсан шиг таатай байсангүй. Тиймээс тэр “About the Fit” компанийн ахлах дадлагажигчийн хөтөлбөрт бүртгүүлдэг. Түүний хувьд технологийн компани маш том сорилт болж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг. Жинхэнэ урам зориг авах кино шүү.

Зорилгоо тодорхойлж, ажил карьераа төлөвлөхөд хүндрэлтэй байгаа оюутан залууст зориулж Зориг сангаас “Алхам 2.0” аяныг Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран хэрэгжүүлж байна. Алхам аяны хүрээнд оюутан залуус та бүхэн МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээний төвөөс ажилд орох, карьераа төлөвлөхтэй холбоотой ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.