“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.
Оюутан нас гэдэг зөвхөн хичээл, шалгалтаар хязгаарлагдах ёсгүй. Ирээдүйн карьераа төлөвлөж, зорилго мөрөөдлөө тодорхойлж, найзуудтайгаа ярилцан, чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх орон зай оюутан бүрд хэрэгтэй. Тиймээс МУИС-ийн оюутнууд хичээлээс гадуур заавал очиж үзэх, өөрийгөө хөгжүүлж, шинэ боломж нээхэд туслах найман газрыг танилцуулж байна.
1.Карьер хөгжлийн үйлчилгээ

Цагийн хуваарь: Сиси-гээр нэвтэрч ороод цаг аваад очно шүү.
Байршил: МУИС-Багш оюутны хөгжлийн төв 304 тоот, 6-р хороо, Сүхбаатар дүүрэг
Үнэ: Төлбөргүй
Карьер хөгжлийн үйлчилгээ нь “Ямар ажил хийх вэ, ямар мэргэжил сонгох вэ” гэх асуултад хариулахад, өөрийгөө ойлгож авахад хамгийн ихээр тусалдаг мэргэжлийн зөвлөх орчин юм. Ажлын байранд гарах, дадлага хийх газар олох, CV-гээ бүтээх зэрэгт бодитоор тусламж, зөвлөгөө үзүүлж чадах зөвхөн МУИС-д л байдаг газар юм шүү. Тиймээс төгсөхөөсөө өмнө заавал зорин очоорой.
2.Kino Cafe

Цагийн хуваарь: 9:00 - 21:00
Байршил: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Кино кафе
Үнэ: Тасалбар 10’000-12’500 төгрөг
Дуртай киногоо хүссэн цагтаа үзэж болох кино кафе. Уг кафед үе үеийн алдартай кинонууд бүхий сан байхаас гадна та өөрийн хүссэн киног авч ирж үзэх боломжтой. Хоёулхнаа суугаад үзэх ч танхим байдаг аж. Хуучны дурсамж сэдрээсэн киног тухтай орчинд суугаад үзэх сайхан боломж. Чөлөөт цагаараа киногоо үзэнгээ өөртөө амралт өгөөрэй.
3.UB StudyRoom

Цагийн хуваарь: 9:00-21:00
Байршил: UNION BUILDING B корпус, 5 давхар, B502
Үнэ: Цагийн 3 мянган төгрөг
Заримдаа номын санд хичээл хийх гэхээр нэг болж өгөхгүй байдаг даа. Шалгалтын үе дөхчихсөн бол суудал олно гэдэг бүр асуудалтай. Тийм үед оюутан бидэнд хичээл хийх дундын оффис буюу “Study room” хамгийн зөв сонголт юм. Анхаарал төвлөрөхгүй, их даалгавартай үедээ энэ газраар зочлоорой.
4.Cotton Cat Cafe
Цагийн хуваарь: 9:00 - 21:00
Байршил: Спортын төв ордны урд талд Хаан банктай байр 4 давхарт, хойд хаалгаар орно.
Үнэ: Цагийн 20 мянган төгрөг
Муур илэх үед хүний биед аз жаргалын даавар болох окситоцин ялгардаг. Мөн муурын мяраах дуу нь 20–140 Гц давтамжтай байдаг ба энэ нь хүнийг тайвшруулах шидтэй. Тиймээс хичээл ихтэй, шалгалт дөхсөн стресстэй үедээ муурын кафегаар зочилж стрессээ тайлаарай.
5.Чойжин ламын сүм музей


Цагийн хуваарь: 09:00-18:00
Байршил: https://share.google/0MvVnoDcA18kaU2LP
Үнэ: Оюутан 8000 төгрөг
Тус музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм. Барилга, үзмэр гээд л бүхий л зүйл нь үзэсгэлэнтэй газар. Оюутан ахуй насандаа заавал зочлоорой.
6.МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд

Цагийн хуваарь: 09:00 - 21:00
Байршил: https://share.google/A2zgqqvLOT585SuUK
Үнэ: Төлбөргүй
МУИС шиг номын сантай, уншлагын танхимтай газар ховорхон байх. Давхар бүрдээ уншлагын танхимтай, танхим бүр өөрийн гэсэн онцлогтой санагддаг. Уншлагын танхим дотор унтаж амрах хэсэг гаргаж өгсөн нь бүүр сайхан. Улирлын шалгалт дөхсөн үед бүр хонож ч болдог шүү.
7. Norphei Art Gallery

Цагийн хуваарь: 09:00-18:00
Байршил: МУИС-2-ийн урд талд, БлюМон төвийн 1-р давхарт
Үнэ: Төлбөргүй
Уг галлерейд олон үзэсгэлэн үнэ төлбөргүй гардаг. Уран зургийн, гэрэл зургийн гээд л олон янз байдаг шүү.
8.Mushroom vinyl restaurant

Цагийн хуваарь: 10:00-00:00
Байршил: Бага тойруу Метро малл их дэлгүүрийн чанх урд Жем кастле 2 давхар, ЧД - 6 хороо, Улаанбаатар хот
“Mushroom vinyl restaurant”-д өөрийн хүссэн пянзыг хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ сонсох боломжтой. Пянзны олон төрлийн сонголт ч байдаг. Найзуудтайгаа хөгжим сонсонгоо ярилцаж суухад тохиромжтой газар шүү.
