Нэрт хөлбөмбөгчин, Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм Их Британий хаан Карл III -аас "Сэр" хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Хөлбөмбөгийн спортод гаргасан болон буяны үйлсэд оруулсан Бекхэмийн гавьяа зүтгэлийг нь үнэлэн Хаан Карл III заншил ёсоор тусгай ванданд өвдөг нугалан бөхийх Бекхэмийн баруун, зүүн мөрөнд сэлмээр "адислан" хүлэг баатрын тоонд оруулж, "Arise, Sir David" хэмээн хэлж босгон, одонг нь хүзүүнд зүүж өглөө.
Дашрамд сонирхуулахад "Сэр" хэргэм хүртсэн хүнийг "Сэр Дэвид" эсвэл "Сэр Дэвид Бекхэм" хэмээн дуудах дэг жаягтай бөгөөд харин хэзээ ч "Сэр Бекхэм" хэмээн дан нэрээр нь дууддаггүй гэнэ. Мөн энэ эрхэм цол хэргэмд хүрсэн эмэгтэй хүнийг "Dame" хэмээн дуудах авай.

Ийнхүү цуут хөлбөмбөгчин Дэвид Бекхэм одооноос Сэр Дэвид Бекхэм хэмээн дуудагдах болж, хөлбөмбөгчин Бобби Чарльтон, Кенни Далглиш, дасгалжуулагч Алекс Фергюсон, Бобби Робсон , хөнгөн атлетикийн Мо Фарах, Келли Холис, Себастьян Коэ, "Формула -1"-ийн Льюис Хэмильтон, теннисч Энди Маррей, уулчин Эдмунд Хиллари гэх мэт олон зуун "баатруудын" эгнээнд нэгдлээ.

Ер нь Их Британий "гавьяат" цол олгох ёслол жилд хоёр удаа буюу Шинэ жил болон Хааны төрсөн өдөрт зориулан болдог бөгөөд нэг удаад 1000 гаруй хүн орчин үеийн "хүлэг баатар" болдог ажээ.
Эцэст нь нэмэрлэхэд Дэвид Бекхэмийн цол хэргэм авахдаа өмссөн саарал хослолыг нөхрийнхөө сонгосон загварын дагуу эхнэр Виктория Бекхэм нь өөрийн "гараар" ( мэдээж өөрөө шаглахгүй л дээ, Лондон дахь "Victoria Beckham ltd" загварын ордондоо урлуулсан биз) урлаж өгсөн гэнэ дээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
