Хятадын Чэндуд CS 2 төрлийн “IEM Chengdu 2025” тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Furia, The Mongolz, Vitality, Astralis багууд шөвгийн наймд, Falcons, Mouz багууд хагас шигшээд шалгараад байна. Манай “The Mongolz” баг “Furia”-тай таарсан. Ялахад “Falcons” баг хагас шигшээд хүлээж байна. Энэ тэмцээнд манай баг шинэ бүрэлдэхүүнээр тоглож байгаа. Сүүлийн хоёр жил сэлгээгүй тоглосон “The Mongolz” баг энэ удаад Senzu-гийн оронд Өнөдэлгэр Controlez Баасанжаргалыг авсан юм. Controlez хэсгийн тоглолтод тун сайн тоглосон билээ.
“IEM Chengdu 2025” тэмцээний үеэр Содбаяр Techno Мөнхболд ярилцлага өгч, багийнхаа талаар хүүрнэсэн байна. Тэрээр “Controlez маш хөгжилтэй залуу. Тэр “Chinggis Warriors” болон "MongolZ”-ийн өмнөх бүрэлдэхүүнд тоглож байсан, хашир туршлагатай тоглогч. Senzu-гүй боллоо гээд үзэгчид бидэнд эргэлзэж байсан байх. Гэхдээ бид чадна гэдгээ энэ тэмцээнээр харууллаа. Манай шинэ тоглогчид ч эргэлзсэн хүмүүс байсан байх, харин тэр маш сайн тоглож байгаа. Сontrolez-той бид 3-4 хоног л хамт бэлтгэл хийсэн байх, тэгээд л энд ирсэн. Одоо бид "FURIA”-тай тоглоно. Сүүлийн 3 удаа учраа таарахдаа хожиж чадаагүй баг. Дасгалжуулагч маань ч эргэн ирээд бид итгэлтэй байна. Бид эхний хоёр тоглолтод дасгалжуулагчгүй байсан. Senzu-гийн талаар мэдэх зүйл алга байна. Миний хувьд бүх юм маш гэнэтийн байсан. Хэлэх зүйл гэвэл, Senzu, Мzinho бид гурав хамгийн сайн найзууд хэвээрээ шүү” гэжээ.
